АНУ-д торнадогийн улмаас 80 гаруй хүн амиа алдав
2021-12-13

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын нутаг дэвсгэрээр торнадо дайрч өнгөрсний улмаас ихээхэн хор хохирол учирсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баасан гарагийн үдэш 30 орчим торнадо дайрсны улмаас  Кентукки болон өөр таван мужид нийт 83 хүн амиа алдсан байна. Түүний зэрэгцээ олон хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Зарим хотууд бүхэлдээ сүйджээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден онц байдал тогтоох тухай шийдвэр гаргаж, ингэснээр байгалийн гамшигт хамгийн их өртсөн Кентукки мужид тусламж үзүүлэхээр холбооны нөөцөөс хөрөнгө гаргах боломжтой болсон байна. Тэрбээр энэхүү торнадог тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй шуурганы нэг байсан гээд АНУ-ын Засгийн газар хохирол амссан бүс нутгуудад туслахын тулд бүхий л арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.

 

Кентукки

Баасан гарагт болсон торнадогийн улмаас Кентукки мужид 70 гаруй хүн амиа алджээ. Тэдгээрийн ихэнх нь Мэйфилд хотод байх гэрлийн үйлдвэрийн дээвэр нурсны улмаас амиа алдсан байна. Гамшиг болох үеэр энэ үйлдвэрт 100 орчим хүн байжээ.

 

Кентукки мужийн Грейвс тойргийн Мэйфилд хот 10 мянга орчим оршин суугчтай бөгөөд гамшгийн улмаас хамгийн их хохирол амссан байна. Үйлдвэрийн дээвэр нурсны дараа 40 гаруй хүнийг аварч чаджээ. 

 

Кентукки мужийн захирагч Энди Бешир энэ ослоос дахин хэн нэгнийг эсэн мэнд аварч чадвал энэ нь гайхамшиг болно хэмээн мэдэгдсэн байна. "4,5 метрийн хэмжээтэй төмөр унасан. Дээр нь тэнд хортой химийн бодис бүхий торхнууд байгаа тул хүн амьд үлдэхэд тун хэцүү" хэмээн Бешир өгүүлжээ.

 

Мэйфилд хотын гэрлийн үйлдвэр "дээр нь бөмбөг уначихсан мэт" байгаа талаар тус хотын дарга Кэти Стюарт О'Нан өгүүлсэн байна. Энэ үйлдвэрийн барилга торнадогийн улмаас бүхэлдээ эвдэрчээ. 

 

Мэйфилд хотод нөхцөл байдал тун хүнд байгаа гэнэ. Энэ хотын цагдаагийн хэсгийн барилга нурсан бол гал сөнөөх техник төхөөрөмж эвдэрчээ. Мөн олон хүн энэ мужид гэрэл цахилгаан, усгүй болсон байна.

 

Бусад мужууд

Бусад мужуудад торнадогийн улмаас 12 хүн амиа алдсан байна. Иллинойс мужийн Эдвардсвилл хотод байх Амазон компанийн агуулахын дээвэр нуржээ.

 

Нөхцөл байдлыг үнэлж, учирсан хохирлыг тооцоолж байгаа гэж Amazon компани мэдэгдсэн бол мужийн захирагч Жей Роберт Прицкер хохирол амссан хотод тусламж үзүүлнэ гэж амалсан байна. Энэ хотод байгалийн гамшгийн улмаас зургаан хүн амиа алдсан бол хичнээн ажилчин ор сураггүй болсон нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

 

Харин Арканзаст хоёр хүн амиа алдсан байна. Тэдний нэг нь ахмадын асрах байранд байсан бөгөөд хүчтэй шуурганы улмаас асрах байр хэсэгчлэн нуржээ.

 

Теннесси мужид урьдчилсан мэдээллээр гурван хүн амиа алдсан бол Миссури мужид нэг хүн амиа алджээ.

 

"Төмөр баганууд голоороо нугарсан. Асар том ачааны машинууд ч торнадогийн улмаас агаарт хөөрч байлаа. Хүмүүс байсан байж болзошгүй олон байшин харамсалтай нь бүрэн нурсан" хэмээн Кентукки дахь нөхцөл байдлыг тус мужийн захирагч дүрсэлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Индианчуудыг олноор нь хядсанаас болж хараал хүрсэн байхдаа
2021-12-13