ТООЦОО: Шинэ жилийн хүлээн авалтын дундаж төсөв
2021-12-13

 

Шинэ он гарахад хэдхэн хоног үлджээ. Албан байгууллагууд, анги хамт олноороо шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн байгууллагуудаас бусад албан газрууд шинэ жилийн баярыг тэмдэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлагатай. Арванхоёрдугаар сар гарсаар шинэ жилийн баярын хүлээн авалтууд эхэлж, ресторанууд захиалга нь дүүрчээ. Охид бүсгүйчүүд баярын гоёлынхоо эрэлд гарч, гоо сайхны салонууд оочир дугаар ихтэй байна.

 

Шинэ жилийн баяр охид бүсгүйчүүдийн хувьд хамгийн их зарлага шаарддаг. Өөрөөр хэлбэл, шинэ жилийн арга хэмжээнд орохын тулд ганган даашинз, туфл, хувцаслалтандаа тохируулсан үс засалт, нүүр будалт, маникюр хийлгэх хэрэгтэй. Гэхдээ дээрх дурдсан зүйлд заавал гэсэн утга агуулагдаагүй ээ. Хувь хүн бүрээс шалтгаална. Дийлэнх нийгмийн жишиг нь энэ.

 

Энэ өдрүүд цахим орчинд даашинз түрээс, авах зарах групп хамгийн идэвхтэй байна. Энэ жилийн үнэ ханш дунджаар,

 

  • Нүүр будалт makeup - 35.000-70.000 төгрөг

  • Маникюр, будалт- 25.000-120.000 төгрөг

  • Үс засалт -25.000-50.000 төгрөг

  • Сормуус суулгалт: 35.000-120.000 төгрөг     

 

Шинэ жилийн даашинзны дундаж үнэ 80-300.000 төгрөг байна.        

      

Гэхдээ сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд нэг удаагийн хүлээн авалтад плаж түрээслэж өмсөхийг илүүд үздэг болсон. Учир нь худалдаж авснаас хямд төсөв шаардана. Энэ жилийн хувьд шинэ жилийн даашинзны түрээс 40 мянган төгрөгөөс эхэлж байх аж. Ингэхдээ өнгө загвар, материалаасаа шалтгаална. Бүсгүйчүүд шинэ жилийн даашинзнуудынхаа зургийг цахим орчинд байршуулж, түрээсэлдэг. Мөн тандаг хэн нэгэнд нь өөрт нь тохирох даашинз байвал мэдээж илүү хямдаар түрээсэлнэ.

 

Харин эрчүүдийн хувьд охид бүсгүйчүүдийг бодвол зарлага багатай. Сайхан үс засалт, дэгжин хослол, гутал байхад болох нь тэр. Эрчүүдийн хувьд ч хослолоо түрээслэх боломжтой.

 

Ингэхдээ мөн л адил өнгө, загвар, хийцээсээ хамаарч  дунджаар 20.000-80.000 төгрөг  байна. Үс засалтын үнэ ханш 15.000 төгрөгөөс эхэлнэ. 

 

Шинэ жилийн үдшийн цэнгүүнд оролцох бэлтгэлд дунджаар дээр дурдсан төсөв шаардлагатай аж. Нэг зүйл мартаж. Шинэ жилийн хүлээн авалтын тасалбар. Хаана, хэзээ, гэдгээс хамаарч тасалбарын үнэ өөр өөр байна. Хамгийн багадаа 45.000 төгрөг байна. 

 

Ингээд тооцож үзвэл охид бүсгүйчүүд нэг шинэ жилийн хүлээн авалтад оролцохын тулд дунджаар 250.000-300.000 төгрөгийн төсөв шаардлагатай болж байна. Хагас сарын цалин. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин
shine jil gej utgagui uren taran hiidgiig hezee zogsooh ve
2021-12-13