Зул сарын баяраар Гринчийн агуйг түрээслүүлнэ

АНУ-д Гринчийн агуйг баярын үеэр түрээслүүлнэ гэж Фокс Ньюс агентлаг мэдээлжээ. Энэ санааг гаргасан зохион байгуулагчдын өгүүлснээр, Зул сарыг шинэлэг, мартагдашгүй байдлаар тэмдэглэх хүсэлтэй хүмүүст Гринчийн агуй тун тохиромжтой гэнэ.
Агуй Юта мужид байх бөгөөд хоногийн 19 долларын үнэтэйгээр түрээслүүлэх гэнэ. Агуй дотор гал тогооны хэсэгтэй том талбай, хөгжмийн танхим, хоёр унтлагийн өрөө байгаа аж. Өрөө бүрийг "Гринч Зул сарыг хулгайлсан нь" киноны сэдвээр тохижуулжээ.
Түүнчлэн орох хэсэгт Гринчийн "бичсэн" зурвас байх аж. Энэ зурваст үлгэрийн баатар зочидтой мэндчилээд, зул сарын хөл үймээнээс холдохын тулд өөр тийш явж, тэдэнд агуйгаа үлдээж байгаа талаар бичжээ.
"Би дахиад л Зул сарыг хулгайлах хүсэлтэй байгаа юу гэж үү? Магадгүй л юм" хэмээн зурваст өгүүлжээ.
Агуйг түрээслэх эрэлт их байгаа гэж зохион байгуулагчид мэдээлсэн байна. Гринчийн агуйг 12 дугаар сарын 13-23-ны хооронд түрээслэх хүмүүс хэдийнэ тодорсон бөгөөд агуйд баяраа өнгөрүүлэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ