Хятадад омикрон штаммын халдвар илрэв
2021-12-14

Коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штамм анх Өмнөд Африкт илэрч, тус бүс нутагт өргөн тархсан юм. Дельта хувилбартай харьцуулвал халдварлах чадвар өндөр гэгдэж буй энэ штаммаас сэргийлэх үүднээс дэлхийн улс орнууд Африкийн орнуудаас нислэг хүлээж авахгүй байх, хилийн хязгаарлалтаа чангатгах, хилээ хаах зэргээр арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч омикрон хувилбар хурдацтай тархсаар байна. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, дэлхийн 60 гаруй оронд тархсан омикрон штамм Хятадад илэрчээ. Тодруулбал, хилийн чанадаас Тяньжинь хотод ирсэн, шинж тэмдэг илрээгүй хүнээс авсан дээжийг мэргэжилтнүүд нарийвчилан шинжилсэн байна. Улмаар Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд дээжийг явуулан шинжлэхэд тухайн хүн омикрон штаммын халдвар авсан нь албан ёсоор батлагджээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр омикрон штаммын халдвар авсан хүн тусгаарлагдан, эмчлүүлж байгаа аж. 

 

Омикроноос сэргийлсэн улс орнуудын арга хэмжээ 

 

Анх Өмнөд Африкт бүртгэгдсэн омикрон хувилбар хэдийнэ 63 оронд бүртгэгджээ. Хятадад 12 дугаар сарын 13-ны өдөр омикрон штаммын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн бол ӨАБНУ-ын Ерөнхийлөгч энэ штаммаар халдварласан байна. Харин Их Британиас таагүй мэдээ ирсэн бөгөөд омикрон штаммын халдвар авсан анхны нас баралт энэ улсад бүртгэгджээ. Ийнхүү түгшүүртэй нөхцөл байдал үүссэн тул Европ хязгаарлалтын арга хэмжээгээ улам чангатгаж байгаа юм. 

 

Коронавирусийн шинэ штамм илэрсэнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр албадах арга хэмжээг ч авч хэрэгжүүлж байна. Олон оронд вакцин тариулаагүй хүмүүсийг торгох, зорчих эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа бол Бельгид вакцин тариулаагүй хүмүүс коронавирусийн халдвар авсан тохиолдолд эмчлэхээс татгалзаж байгаа тохиолдол нэг бус удаа гарчээ.  

 

Энэ улсад нэмэлт тунгаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд бүхий л хүчин чадлаа дайчилж байгаа аж. Тиймдээ ч энгийн нэг эмийн санд ч нэмэлт тун тариулах боломжийг бүрдүүлжээ. Хэдийгээр Бельгид вакцин эсэргүүцэгчид долоо хоног бүр жагсаал цуглаан зохион байгуулж байгаа ч ихэнх хүмүүс вакцин тариулаагүй хүмүүсийг нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ. 

 

Франц, Герман улсууд 11-ээс доош насныханд вакцин тарих ажлыг эхлүүлсэн юм. Эдгээр орнуудад сургууль, музей, боловсролын төвүүдэд хүүхдүүдийг Пфайзер вакцинд хамруулах ажил эхэлсэн байна.

 

Харин саяхан аюулын төвшнийг гурваас дөрөв рүү шилжүүлж байсан Их Британи улс дахин энэ төвшнийг дээшлүүлж, тавдугаар төвшинд хүргэжээ. Учир нь энэ улсад омикрон штаммын халдвараас үүдсэн нас баралт бүртгэгдсэн юм. Энэ нь Европ дахь анхны тохиолдолд тооцогдож байна. 

 

"Харамсалтай нь омикрон штаммын халдвар авснаар эмнэлэгт хүртгэгдэтлээ бие муудаж болзошгүй, мөн харамсалтай нь манай улсад омикрон штаммын халдвартай өвчтөн нас барлаа" хэмээн Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 12 дугаар сарын 13-ны өдөр мэдэгджээ.

 

Өмнө нь тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид омикрон штаммын халдвар авсан 10 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлж байлаа. Британид омикрон штамм асар хурдтай тархаж байгаа бөгөөд 48 цагийн дотор нийт халдварын ихэнх хувийг энэ штамм эзэлнэ гэж Их Британийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин