АНУ-д 7 хүн тутмын нэг нь ковид тусжээ

Дэлхий дахинд коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш халдвар болон нас баралтын үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсээр ирсэн улс нь АНУ. Энэ улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 50 саяыг давсан гэж Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд өгүүлжээ.
Тодруулбал, вирус тархаж эхэлснээс хойш АНУ-д нийт 50 110 613 тохиолдол бүртгэгдсэн бол энэ халдвараас үүдэлтэй нас баралт 798 мянгыг давжээ. Ингэснээр АНУ-ын долоон хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг юм.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн. мэдээлснээр, одоогийн байдлаар 65 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол өдөрт ойролцоогоор 1200 хүн нас барж байгаа гэнэ. Зарим мужуудын эмнэлгүүд хэдийнэ дүүрсэн тул иргэдийг вакцинд хамрагдахыг уриалж байгаа аж.
Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул АНУ-ын Калифорни мужид лхагва гаригаас эхлэн амны хаалт зүүх журмыг дахин нэвтрүүлэхээр болсон байна. Энэ журам нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ