Орос Германд эсэргүүцэл илэрхийлэв

img

Германы Гадаад хэргийн яам Оросын хоёр дипломатыг "персона нон-грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж, Германаас гаргахаар болсон юм. 

 

Харин үүнийг Берлин дэх Оросын Элчин сайдын яам эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Энэхүү үндэслэлгүй алхам нь илт найрсаг бус алхам, хариу өгөхгүй байхын аргагүй үйлдэл гэж Оросын ЭСЯ онцлоод, шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсэн байна. 

 

Үүний дараа Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Оросын ЭСЯ-ын мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дээр Берлиний эсрэг хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.

 

Ийнхүү Оросын дипломатуудыг хөөх болсон шийдвэр нь  Оросын иргэнд Берлиний шүүхээс ял тулгасан үйл явдалтай холбоотой.

 

Тодруулбал, 12 дугаар сарын 15-ны өдөр Берлиний дээд шүүх Оросын 49 настай иргэнийг Чечений хоёрдугаар дайны үед Шамиль Басаевын дайчдын талд Оросын эсрэг дайтаж байсан хээрийн командлагч Зелимхан Хангошвилиг 2019 онд хөнөөснийх нь төлөө бүх насаар нь хорих ял оноосон юм. Шүүгч үйлдсэн гэмт хэргийг онц ноцтой гэж үзэн, Оросын иргэнийг хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноожээ. Мөн хүний амь хөнөөсөн Оросын иргэн "төрийн захиалгаар" ийм үйлдэл хийсэн гэж Германы эрх баригчид үзэж байгаа аж. 

 

Ингээд шүүхийн шийдвэр гарсан өдөр Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербюк Оросын Элчин сайдыг дуудаж уулзсан юм. Улмаар ОХУ-ын хоёр дипломатыг персона нон-грата хэмээн зарлаж байгаагаа дуулгажээ. Мөн дээрх хүн амины хэрэг нь Германы хууль тогтоомж, тусгаар байдлыг зөрчиж байна хэмээн Германы Гадаад хэргийн сайд мэдэгдээд, энэхүү хэрэг нь Оростой харилцах харилцааг хүндрүүлнэ хэмээсэн байна.

 

Хангошвилиг хөнөөсөн нь 

Чечений хоёрдугаар дайны үед Шамиль Басаевын дайчдын талд Оросын эсрэг дайтаж байсан хээрийн командлагч Зелимхан Хангошвилиг 2019 оны наймдугаар сард Берлин хотноо толгойн тус газраа буудуулан амиа алдсан юм. Энэ хэрэгт Оросын талыг буруутгаж байсан бол Москва энэ аллагат хамааралгүй хэмээж байлаа. Хэргийг мөрдөн шалгах явцад хоёр орны хооронд удаа дараа дипломат дуулиан гарч байв. 

 

Өмнө нь Германы тал Хангошвилиг хөнөөсөн Оросын иргэнийг Оросын талд шилжүүлж магадгүй гэсэн мэдээлэл гарч байв. Гэсэн ч 12 дугаар сарын 15-ны өдөр ийнхүү бүх насаар нь хорихоор болжээ.

 

Шүүхийн энэ шийдвэрийг Герман дахь Оросын ЭСЯ илэрхий найрсаг бус алхам хэмээн нэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрт хүн амины хэргийн ард Оросын төрийн байгууллагууд зогсож байгаа мэтээр тусгасан нь илтэд улс төржсөн, "хэвийн бус байгаа Герман, Оросын харилцааг улам төвөгтэй болгосон шийдвэр" гэж Берлин дэх Элчин сайд  Сергей Нечаев мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ