Японы Ерөнхий сайд Бээжингийн Олимпын нээлтэд оролцохгүй
2021-12-16

Японы албаны этгээдүүд Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцох эсэхийг хараахан шийдээгүй, "үндэсний эрх ашгийг харгалзан" эцсийн шийдвэрийг гаргах гэнэ. Энэ талаар Японы Ерөнхий сайд Фумио Кисида мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 16-ны өдөр Фумио Кисида парламентын дээд танхимын төсвийн комиссын мэтгэлцээний үеэр дээрх мэдэгдлийг хийсэн бөгөөд өөрөө олимпын наадмын нээлтэд оролцохоор төлөвлөөгүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Олимпыг дипломатаар бойкотлохоо зарласан АНУ-ыг дэмжих үүднээс Япон улс  Бээжингийн олимп руу сайд эсвэл өндөр албан тушаалтныг Бээжин рүү илгээх бодолгүй байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Үүнтэй холбоотой эцсийн шийдвэрийг энэ онд багтаан гаргах гэнэ.

 

Эргэн сануулахад, АНУ Бээжингийн олимпын наадмыг дипломатаар бойкотлохоор болсон талаараа 12 дугаар сарын зургааны  өдөр зарлаж байв. Үүний дараагаас хэд хэдэн орон энэ бойкотод нэгдсэн бол Европарламент наадмыг бүхэлд нь бойкотлохыг уриалж байсан юм.

ОХУ,Франц бойкотыг эсэргүүцэж, БНХАУ бойкот зарласан орнуудад хариу барихаа амлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин