АНУ Хятадын эдийн засгийн эсрэг хориг тавив
2021-12-17

АНУ-ын Сангийн яам Хятадын технологийн найман компанийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Сангийн яамны үзэж байгаагаар, эдгээр компаниуд нь БНХАУ-ын угсаатны болон шашны цөөнхүүдийг ажиглах, хянахад зориулсан шийдлүүдийг боловсруулдаг гэнэ.

 

"Эдгээр найман байгууллага нь Хятадын угсаатны болон шашны цөөнх, тэр дундаа Шинжаан дахь муслимын уйгуруудын цөөнхүүдийг биометрийн мэдээллээр дамжуулан ажиглах, хянах ажиллагааг идэвхтэй дэмждэг" хэмээн АНУ-ын Сангийн яамны сайт дээр мэдээлсэн байна. 

 

Ийнхүү хориг тавьснаар энэ жагсаалтад багтсан компаниудын үнэт цаасыг америкчууд худалдах, худалдан авахыг хориглож байгаа аж. Хориг арга хэмжээний жагсаалтап  loudwalk Technology, Dawning Information Industry, Leon Technology Company Limited, Megvii Technology Limited, Netposa Technologies Limited  зэрэг компаниуд багтжээ.

 

Түүнчлэн, хятадын Цэрэг, анагаах ухааны судалгааны академийн эсрэг хориг тавьсан байна.  Үүгээр ч зогсохгүй  уг академийн бичил биологи, тархвар судлал, хор судлал, биоинжиниринг, өвчний хяналт болон мал эмнэлгийн чиглэлийн 11 хүрээлэнг хориг арга  хэмжээний жагсаалтад багтаажээ. Эдгээр судалгааны байгууллагууд нь "Хятадын армийг дэмжихийн тулд биотехнологийн явцыг ашигладаг" , "тэдний үйлдэл нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод харшилж байна"хэмээн АНУ үзсэн тул ийнхүү тэдний эсрэг хориг тавьсан байна. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Конгресс БНХАУ-д уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлэхээс сэргийлэх хуулийн төслийг дэмжсэн юм. Энэ төслийн дагуу, АНУ Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах, энэ бүс нутагт хүний эрхийг зөрчиж байгаатай холбоотой гэж Вашингтон үзсэн хувь хүн болон хуулийн этгээдүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин