Тахлын үеийн бойкоттой Олимп
2021-12-20

Бээжин-2022 олимп эхлэхэд багахан хугацаа үлдсэн энэ үед зарим орон Хятад руу албаны төлөөлөгчдөө илгээхээс татгалзав. Гэхдээ эдгээр орнуудын тамирчид ямар нэг хязгаарлалтгүйгээр тэмцээн уралдаанд оролцох юм. 
 

Бээжингийн Өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болох бол гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд Паралимпийн наадам болох юм.

 

2015 онд Куала-Лумпурт болсон Олон улсын олимпын хорооны хурал дээр Өвлийн 24 дэх удаагийн олимпын зохион байгуулагчаар Хятадын нийслэлийг сонгож байв. Хятадын нийслэлд 2008 онд зуны олимп болж байсан бөгөөд ингэснээр Бээжин хот Зуны болон Өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан дэлхийн анхны хот болж байгаа юм. 


Өвлийн олимпыг зохион байгуулагчид Бээжин, түүний дагуул хот болох Яньцин болон Хэбэй мужийн Жанжякоу хот гэсэн гурван газарт 25 объект бэлджээ. Эдгээр объектуудаас 12 нь тэмцээн уралдаан зохион байгуулагдах, гурав нь бэлтгэлийн төв, гурав нь медаль гардуулах ёслолын ажиллагаанд зориулсан төв, гурав нь хэвлэл мэдээллийн төв болох бол нэг нь алдарт "Шувууны үүр" хэмээх цэнгэлдэх хүрээлэн бөгөөд энд олимп, паралимпын нээлт, хаалтын ёслол болох юм. Өвлийн олимпын хүрээнд бэлтгэсэн 11 объект нь 2008 оны зуны олимпын үеэр ашиглагдаж байжээ.

 

Бээжин хотод хоккей, уран гулгалт, тэшүүр, керлингийн тэмцээнүүд, Жанжякоуд биатлон, цана, сноуборд, трамплинаас үсрэлтийн тэмцээн явагдах бол Яньцинд уулын цана, чарганы уралдаан болох аж. Хятад улс олимп зохион байгуулахад хэдийнэ бэлэн болсон бөгөөд Олимпын бамбар хэдийнэ Хятадад хүрсэн, медалийн дизаин, наадмын шүтээн болох Бин Дуньдунь хулсны баавгайг нутгийн иргэд хэдийнэ мэддэг болжээ. Түүнчлэн олимпын бүхий л объектууд дээр туршилтын тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.

 

Олимпын тосгон нэгдүгээр сарын 27-ны өдөр үүд хаалгаа нээж, улмаар наадмын оролцогчид тэмцээн зохион байгуулагдах хотууд руу явах аж.

 

Цар тахлын үед зохиогдож буй хоёр дахь Олимп

 

Бээжингийн олимп цар тахлын нөхцөлд зохион байгуулагдаж буй хоёр дахь олимп болж байна. Эхнийх нь Токиогийн зуны олимп байлаа. Гэхдээ Бээжингийн олимпын хугацаа хойшлоогүй, өмнө нь төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулагдах бөгөөд харин тэмцээн уралдааны үеэр авч хэрэгжүүлэх хязгаарлалтууд нь Токиотой харьцуулахад илүү хатуу байх юм.

 

Токиогийн зуны олимпын адилаар Бээжингийн олимпыг гадаадын үзэгчид үзэх боломжгүй. Гагцхүү Хятадад оршин байгаа хүмүүс л олимпын тасалбар худалдан авч болох гэнэ. Гэхдээ тасалбар хараахан худалдаанд гараагүй байгаа аж.

 

Бээжингийн олимпын үеэр оролцогчид гагцхүү өгөгдсөн чиглэлээр явна. Тухайлбал, нисэх буудлаас олимпын тосгон хүртэл, тэндээсээ бэлтгэлийн төв, тэмцээн болох газар, нээлт, хаалтын ёслол руу очно. Энэ чиглэлийг зөрчихийг хатуу хоригложээ.

 

Олимпын оролцогчид сүүлчийн тэмцээнээ дуусгаснаас хойш 48 цагийн дотор Хятадын нутаг дэвсгэрээс гарах ёстой. Гагцхүү хаалтын ёслолын оролцогчид л Хятадад үлдэж болох гэнэ. Мөн сэтгүүлчид зэрэг Хятадад үлдэх шаардлагатай хүмүүс дахин хэдэн долоо хоног тусгаарлалтад байх аж. 

 

Вакцинд бүрэн хамрагдсан тамирчид 21 хоногийн тусгаарлалтад орохгүй. Зохион байгуулагчдын журамд зааснаар, Хятад руу ирэхээсээ 14 хоногийн өмнө вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой гэнэ. Мөн насанд хүрээгүй болон эмнэлгийн заалтаар вакцин тариулаагүй байж болно, ийм тохиолдолд тэднийг 21 хоногийн тусгаарлалтад оруулахгүй юм байна.

 

Бойкоттой наадам

 

Бээжин-2022 наадмыг дипломатаар бойкотлох болсон анхны улс нь АНУ боллоо. Хятадад хүний эрх зөрчигдөж байгаа тул ийм алхам хийсэн гэж АНУ мэдэгдсэн бөгөөд гэхдээ Америкийн тамирчид тэмцээнд оролцоно гэж онцолсон юм.

 

Улмаар дипломат бойкотод Канад, Австрали улс ч нэгдсэн. Харин Франц, Өмнөд Солонгос зэрэг орнууд наадмыг бойкотлохгүй, гэхдээ цар тахлын улмаас албаны төлөөлөгчдөө илгээхгүй хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн Их Британи, Бельги, Австри улсын албаны төлөөлөгчид ч Бээжинг зорихгүй гэнэ.

 

Харин нээлтийн ёслолд Хятадын дарга Ши Жинпиний урилгаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоно. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутереш ч урилга хүлээн авчээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЖАНЗЯКОУ ХОТ ЧИНЬ ЖАНЖХҮҮ ШҮҮ ДЭЭ
2021-12-20