Омикрон штамм АНУ-д давамгайлж, анхны нас баралт бүртгэгдлээ
2021-12-21

Өмнөд Африкт анхлан бүртгэгдэж, улмаа бусад орнуудад тархсан коронавирусийн омикрон штамм бусад хувилбаруудтай харьцуулахад ихээхэн хурдтай тархдаг гэж эрдэмтэд таамаглаж байсан бол ДЭМБ үүнийг баталсан байна. 

 

Өмнөд Африкт 11 дүгээр сард илэрсэн энэ штаммын халдвар авсан хүмүүст өвчний шинж тэмдэг хөнгөн илэрч, нас баралт огт бүртгэгдээгүй нь найдвар төрүүлэхүйц мэдээлэл гэж зарим шинжээч үзэж байлаа. Гэсэн ч Их Британид өнгөрсөн долоо хоногт энэ штаммаас үүдэлтэй нас баралт бүртгэгдсэн юм. Үүний араас, АНУ-д ч мөн бүртгэгджээ. 

 

Тодруулбал, АНУ-д коронавирусийн омикрон штаммын халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Америкийн АВС телевиз мэдээлсэн байна. 

 

Коронавирусийн омикрон штамм АНУ-д бүртгэгдэж буй нийт халдварт зонхилж байгаа бөгөөд шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын дөрөвний гурав нь омикрон штаммын халдвар байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ.

 

Энэ байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт нийт илэрсэн халдварын тохиолдлын 73,,2 хувь нь омикрон штаммаар үүсгэгдсэн байсан бол үүнээс долоо хоногийн өмнө омикроны халдварын эзлэх хувь ердөө 12,6 хувь байсан гэнэ. 

 

АНУ-д омикрон штамм хурдацтай тархаж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэх хүний тоо эрс өснө, гэвч энэ улсын эмнэлгүүд ийм ачаалалд бэлэн биш гэж АНУ-ын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Одоогоор тус улсын 50 мужийн 45-д нь омикрон штамм бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин