SHUUD.MN: 2021 оны 21 ЭЕРЭГ үйл явдлыг нэрлэж байна
2021-12-22

Хүн төрөлхтөн цар тахлын сорилттой тулгарч, бэрхшээлтэй он цагийг туулж байгаа ч эв нэгдлийн их наадмаа зохион байгуулж, улс орнуудад их бүтээн байгуулалтын ажлууд ч тасарсангүй. Мэдээллийн shuud.mn сайт 2021 онд эх оронд өрнөсөн 21 эерэг үйл явдлыг онцолж байна.  

 

1.Эрдэм өвөртлөн ирэх илгээлтийн эзэд

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр хэрэгжиж, эхний 428 хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгийн эзэн боллоо. Элсэлтийн Ерөнхий шалгалтандаа хамгийн өндөр оноо авсан сум, аймаг, нийслэлийн онц сурлагатнууд Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаадын улс орнуудад суралцахаар болов.  

 


2.Баялгийн өгөөжийг хүртэх боломж

 

 

Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн зөвшилцөл амжилттай боллоо. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авч буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдлээ. Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэв. Ингэснээр цаашид 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, ногдол ашиг наашилна. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-г цуцаллаа. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдсан санхүүжилтэд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, шаардлагатай бол зөрүү хөрөнгийг хөрөнгө оруулагч тал төлнө. Гүний уурхайг 2023 оны 04-05 дугаар сард ашиглалтад оруулна. Сүүлийн 12 жил яригдсан асуудал ийн эхнээсээ нааштай шийдэгдэж, монголчууд баялгийн өгөөжөө хүртэх өдөр айсуй.  


 

3.Түүхэн амжилтын эзэд

 

 

Токио-2020 зуны олимпын наадамд Монгол Улс түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу спортын  10 төрөлд 43 тамирчин оролцож, 1, алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртсэн бол 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нар хүрэл медалийн эзэд болов. Ингэж тэд Монголын жүдо бөхийн түүхэнд анх удаа нэг олимпийн наадмаас гурван медаль хүртсэн түүхэн амжилтын эзэд болсон юм. Мөн чөлөөт бөхийн 53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, амжилтын буухиаг үргэлжлүүлэв.

 

Өөр нэгэн түүхэн амжилтыг Хөдөлмөрийн баатар  Э.Содномпилжээ тогтоолоо. Тэрбээр Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд 245 кг-ыг өргөж, паралимпын наадмын дээд амжилтыг тогтоосон юм. Энэ амжилтаараа тэрбээр алтан медаль хүртэж, паралимпын наадмын аварга болов.


 

4.Амлалтаа биелүүлсэн аварга

 

 

Гавьяат тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны дэлхийн аварга боллоо. Тэрбээр Узбекстан улсын Ташкент хотод болсон ДАШТ-д 87 кг-ын жинд огцмоор 109 кг, түлхэлттэйгээр 141 кг нийлбэр дүнгээр 250 кг-ыг өргөж, дэлхийн аварга болж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.  

 

Гавьяат тамирчин М.Анхцэцэг Токио-2020 олимпын наадмын IV байранд шалгарч, медалийн үзүүрээс атгаад алдахдаа “Дэлхийн аварга” болно гэсэн амлалтыг монголчууддаа өгсөн. Тэр амлалтандаа хүрч, дэлхийн аварга болон Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөллөө.


 

5.Эргэн ирсэн Их дуулга

 

 

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж, 2022 оноос IJF World Tour тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай улс 2009-2011 оны хооронд “Чингис Хаан Дэлхийн цом”, 2012-2016 онуудад “Чингис Хаан Гран При” тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад Гранд Слам буюу Их дуулга тэмцээнийг эх орондоо 4 жилийн хугацаанд зохион байгуулахаар боллоо. Тэмцээн 2022 оны зургаадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.


 

6. Мөрөөдөл биелүүлэх Мөсөн Өргөө

 

 

Манай улсад 2021 онд ашиглалтад орсон том бүтээн байгуулалт бол “Steppe Arena” буюу Мөсөн өргөө.  2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд анх шавыг нь тавьж байсан энэ өргөөг  Монголын үндэсний компаниуд ОХУ, БНХАУ, Канад, АНУ, Австри зэрэг орны инженер техникийн ажилтнуудтай хамтран байгууллаа.  Мөсөн өргөө нь 2600-3600 хүний суудалтай бөгөөд спорт, урлагийн бүхий л үйл ажиллагаа явуулах боломжтой юм.

 


 

7.Дэлхийтэй холбох "Чингис Хаан"

 

Энэ онд нээлтээ хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал юм. Тус нисэх онгоцны буудал нь энэ оны долдугаар сарын 04-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудал нь далайд гарцгүй Монгол Улсыг дэлхийн бусад улс оронтой холбох шинэ гүүр болж байна. Шинэ нисэх буудал нь автомашины 830 зогсоол, зорчигч үйлчилгээний 33 мянган метр квадрат талбайтай бөгөөд мэдээлэл авах хэсэг, хүлээлгийн танхим, монгол шуудан, банк, худалдаа үйлчилгээ, олон үндэстний зоог агаарын тээврийн цогц үйлчилгээ, худалдаа үйлчилгээний талбай Монгол-Японы уламжлалт хэв маяг, олон улсын стандартыг хослуулжээ.


 

8.Дархлаажуулалтын давалгаа

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 23-нд АстраЗенека вакцины анхны тунг хийлгэснээр Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Тухайн үед Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлсэн Азийн цөөхөн орнуудын нэг болж, иргэдээ сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхлэв. Коронавирусийн эсрэг вакциныг хандивлагч улс орнуудаас татан авахаас гадна Засгийн газар төсвийн хөрөнгөөр үйлдвэрлэгчдээс худалдан авч, иргэдээс дархлаажуулж байна. Вероселл, Файзер, АстраЗенека, Спутник гэсэн дөрвөн төрлийн вакциныг сонголттойгоор хийж, улсын хэмжээнд нийт иргэдийн  69.6 хувь нь нэгдүгээр тунд, 66.4  хувь нь хоёрдугаар тунд, 44.3 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтаараа Монгол Улс олон улсад дээгүүрт бичигдэж, иргэдээ вакцин бүүстэр тунд хамруулж буй цөөхөн улсын нэг болж байна.


 

9.Монгол эрдэмтдийн бүтээл

 

 

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээв. АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 дугаар сард шүлснээс коронавирусийн халдвар илрүүлэх оношлуур бүтээх төсөл эхлүүлж, 2021 оны гуравдугаар сард үйлдвэрлэж, дөрөвдүгээр сараас ашиглаж эхлэв. Шүлсний оношлуур вирусийн 6-12 хуулбарыг илрүүлэх чадвартай. Үүнийг дотоодод болон Германд хийсэн туршилтаар баталгаажуулсан бөгөөд адилхан үр дүн гарсан. Шүлснээс авсан сорьцыг 90 минутын дотор шинжлэх буюу 2-3 цагийн дотор хариу нь гарах боломжтой аж.


 

10.Зүрх зогсохгүй

 

 

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдлаа. Энэхүү баг нь зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулахаас гадна тархины үхжилттэй донороос зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй юм. Мөн энэ төрлийн мэс засал, эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээх жагсаалтыг үүсгэх, эмнэлгийн хяналтанд авах, мэс заслыг нутагшуулах зорилготой байгуулагдсан юм.


 

11.Чөлөөлөгдсөн үйлчилгээ

 

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс эхлэн 74 төрлийн үйлчилгээг чөлөөтэй эрхлэх боломжийг нээлээ. Өөрөөр хэлбэл иргэд дэлгүүр, ресторан зоогийн газар, зочид буудал, үсчин гоо сайхан, оёдол, чийрэгжүүлэх, алжаал тайлах төв, авто засвар зэрэг 74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхдээ төрөөс тусгай зөвшөөрөл авахгүй болж байна. Төрөөс зөвхөн татварын байгууллагад бүртгүүлэх, зохих стандартыг хангасан байх шаардлагыг тавих аж. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ эрхлэгч иргэд 168 мянган бичиг баримт бүрдүүлэх, бичиг хэрэг, тээврийн зардалд 191 сая төгрөг зарцуулах шаардлагагүй болж байна.  Ажлын байр бий болгож, улсад татвар төлөхийн тулд төрөөс тусгай зөвшөөрөл хүсдэг цаг ард үлдэж, бизнесийн орчныг, аж ахуйн нэгжийг дэмжих шинэ тогтолцооны эхлэл тавигдлаа.


 

12.Цахим шилжилтийн үндэс

 

 

Өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 1-нд “E-Mongolia” систем үйлчилгээнд нэвтэрч, өдгөө төрийн 59 байгууллагын 600 гаруй  үйлчилгээ цахимжаад байна. Мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв гэсэн 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг энэ системд нэгтгэлээ. Энэ оны аравдугаар сарын 01-нд “Е-Mongolia” системийн хоёр дахь хувилбарыг бий болгосон бөгөөд 2022 онд төрийн 100 байгууллагын 1000 гаруй үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар төлөвлөж байна. Төрин үйлчилгээ цахимжсанаар 2021 онд 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийжээ.


 

13.Шинжлэх ухааны шинэ сэргэлт

 

 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухааны салбарт реформ хийхээ мэдэгдэв. Ингэхдээ шинжлэх ухааны салбарын санхүүжилт, хүрээлэнгүүдийн засаглал, хүний нөөцийн бодлого, лабораторийн хүчин чадал, шинэчлэлд дорвитой өөрчлөлт хийхээ зарлав. Энэ ажлаа Засгийн газрын тогтоол болгон баталгаажуулж, 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаар батлуулав. Энэ тогтоолоор 2015 оноос үүд хаалгаа бариад байсан Дулааны техник технологийн хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Ой мод, сургалт судалгааны хүрээлэн, Технологийн инкубаторыг шинээр сэргээн байгуулахаар болов. Мөн шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.


 

14.Их бүтээн байгуулалтын эхлэл

 

 

Баруун таван аймгийг дотоодын найдвартай эрчим хүчээр хангах төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд дэмжлэг болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр баталгаажууллаа. БНХАУ-ын Экзим банкны 1 тэрбум ам.долларын зээлээр баригдах усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг “Power China” компани 2022 оны 04 дүгээр сараас эхэлж, 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Одоо баруун бүсийн эрчим хүчний 80 хувийг ОХУ-аас импортолдог. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар эрчим хүчийг дотоодоосоо 100 хувь хангах боломж бүрдэнэ.


 

15.Талархал хүртсэн Баатар үйлдвэр

 

 

Коронавирусийн цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийг Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлсэн юм. Эрдэнэт үйлдвэр айл өрх, аж ахуй нэгж байгууллагын цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын зардалд 828.5 тэрбум төгрөг төлөөд байна. Тус үйлдвэр 2021 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар улс, орон нутгийн төсөвт 1 их наяд 157.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.


 

16.Нэгэн дор чуулсан 21 Дарь эх

 

Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээл болох “Хорин нэгэн дара эх” тусгай үзэсгэлэнг дэлгэлээ. “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх ” зэрэг гайхамшигт бүтээлийг анх удаа нэг дор дэлгэн, олны хүртээл болгов. Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ нүүдэлчин ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүйн мөн чанарыг цогцлоож, хүн төрөлхтний төсөөлж буй гоо сайхны тэр л дүр төрхийг буддын шашны лагшинд шингээж урласанаараа дахин давтагдашгүй юм.


 

17.Дэлхийн шилдэг баритон дуучин

 

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин олон улсын найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг хүртэж, Дэлхийн шилдэг баритон дуучин болов. Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа эх орныхоо нэрийг цуурайтуулсан түүний авьяас, хөдөлмөрийг үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж Э.Амартүвшин нь П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагналыг хүртэж байв.


 

18.Эх орондоо ургуулсан цагаан будаа

 

 

Монгол Улсад анх удаа цагаан будаа тарьж, арван тонныг хураан авлаа. “Жимекс” компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд хоёр га газар тутарга тариалж, анхны ургацаа хураан авав. Тус компанийн хамт олны арван жилийн хүч хөдөлмөр үр дүнгээ өгч, эх орны хөрсөнд ургасан “Хөсөг” нэртэй цагаан будаа хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон нь энэ оны онцлох үйл явдал байлаа. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хөрсөнд цагаан будаа ургах боломжтойг харуулсан нь энэ төслийн гол ач холбогдол байлаа. Цаашлаад жилд 50 гаруй мянган тонн цагаан будаа импортолж иддэг монголчууд эх орны эрүүл хөрсөнд ургасан цагаан будаагаар хүнсний хэрэгцээгээ хангах боломжийн үүд хаалга нээгдсэн хэмээн итгэж найдаж байна.

 


 

19.Хөлгүй нуураас “аврагдсан” хөлөг 

 

 

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа.  “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43.3 м, өргөн нь 8.4 м, өндөр нь 5.7 м, жин нь 309 тонн юм. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт гаргаад байна. Энэхүү ажиллагаанд 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэй оролцов.


 

20.Эртэч нийслэлчүүдийн тухлах “Өглөөний гудамж”

 

 

Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч нийслэлчүүддээ зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж өнгөрсөн наймдугаар сард нээлээ. Тус гудамжийг “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулсан.“Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилдэг юм.


 

21.Эрдэм түгээх "Magic Box"

 

 

Энэ онд номонд дуртай залуусийн хэрэгжүүлсэн “Magic Box” төсөл онцгой, сонин содон байлаа. Залуус нэгдэж чингэлэг тохижуулж, “Magic Box” нэртэй явуулын номын сан байгуулав. Номын сангийн архивыг олон нийтийн хандив, дэмжлэгээр бүрдүүлж, анхны , “Magic Box”-ийг Говь-Алтай аймгийн Тонхил суманд байршууллаа. Дараагийн явуулын номын санг тохижуулах ажил өрнөж байгаа гэнэ лээ.

 

SHUUD.MN

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
Саруул:
БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООГ дэвшүүлмээр байна. Цар тахал анх гархад лабораторийн аюулгүй ажиллагаа, мэргэжилтнүүдийг сургах болон бусад нэн шаардлагатай хамгаалах хэрэгсэл тоног төхөөрөмжйин аюулгүй хангасны хүчинд бид эхний шатыг эрсдэлгүй даван туулсан билээ. Энэхүү ажлыг зохион байгуулсан Үндэсний хорооны нарийн бичгийн дарга тэдний багийн хамт олонд баярлалаа. Тэд бол чимээгүй баатрууд шүү!!!
2021-12-22