Хятадад COVID-19 дэгдэлтэд буруутган 50 гаруй албан тушаалтныг шийтгэжээ

Хятадын хойд хэсэгт коронавирусийн халдвар дэгдэж, хязгаарлалт, хөл хорио тогтоосон. Улмаар энэ бүс нутагт халдвар дэгдсэнд буруутган 50 гаруй албан тушаалтныг шийтгэсэн талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ляонин мужийн боомт хот болох Даляньд коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх компанийн 15 дарга болон бусад ажилтан, 40 гаруй төрийн албан хаагчийг ажил үүрэгтээ хайнга хандсан, хахууль авсан хэргээр шийтгэсэн байна. Тэдний алдаа дутагдлаас болж энэ хотод халдвар дэгдсэн гэж үзжээ.
Далянь хот 7,45 сая хүн амтай бөгөөд энэ хотын оршин суугчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ажлыг таван үе шаттайгшаар явуулсан юм. Энэ хотод 11 дүгээр сарын дөрөвний өдрөөс хойш нийтдээ 346 халдварын тохиолдол илэрсэн байна. Ийнхүү халдвар дэгдсэн нь хөлдөөсөн бүтээгдэхүүний импорттой холбоотойгоор Даляньд гарсан гурав дахь дэгдэлт аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ