Хятад тэнгисийн сургуулилалт хийснээс болж Япон сөнөөгч онгоцуудаа хөөргөв

Хятадын Ардын чөлөөлөх армийн онгоц тээвэрлэгч "Ляонин" хөлөг онгоц Номхон далайд сургуулилалт хийжээ. Японы Батлан хамгаалах хүчний штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, Японы Китадайто арлаас 300 км зайд энэ сургуулилалтыг хийсэн байна.
Тодруулбал, 12 дугаар сарын 19-ний өдөр "Ляонин" онгоц тээвэрлэгч өөр таван хөлөг онгоцны хамт арлаас холгүйхэн ажиглагджээ. Мөн энэ өдөрийн өглөө J-15 сөнөөгч онгоц, Z-9 нисдэг тэрэг оролцсон сургуулилалт явуулсан байна.
Үүнээс өмнө хөлөг онгоцууд Японы Окинава болон Мияко арлуудын дундуур Дорнод Хятадын тэнгисээс Номхон далай чиглэн явжээ. Энэ үйлдлийн хариуд Япон улс тагнуулын мэдээлэл цуглуулахын тулд нисдэг тэрэг тээвэрлэгч "Изумо" хөлөг онгоцыг илгээсний дээр Хятадын онгоцуудыг дагалдуулахаар Батлан хамгаалах хүчний сөнөөгч онгоцуудыг түгшүүр зарлан хөөргөсөн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ