Билл Гейтс цар тахал дуусах хугацааг таамаглажээ

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс цар тахал дуусах хугацааг таамаглажээ. Тэрбээр энэ талаараа Твиттер дэх хуудсандаа бичсэн байна.
Билл Гейтсийн үзэж байгаагаар, коронавирусийн цар тахал 2022 онд дуусаж магадгүй гэнэ. Түүнчлэн омикрон штамм илэрснээр дэлхий дахин коронавирусийн цар тахлын хамгийн хүнд хэцүү үеийг туулж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Коронавирусийн омикрон штаммаас хурдацтай тархсан нэг ч вирус дэлхийн түүхэнд байхгүй гэж Билл Гейтс бичжээ.
"Удахгүй энэ штамм дэлхий бүх оронд тархана" гэж Билл Гейтс бичсэн байна.
Мөн омикрон штаммаас үүдсэн өвчлөл хэр хүндрэх талаарх мэдээлэл одоо хэр нь тодорхойгүй байгаа тул коронавирусийн энэ хувилбарт нэн болгоомжтой хандах ёстой гэж тэрбээр өгүүлжээ.
"Дельтай харьцуулахад өвчин хүндрэх нь бага байлаа ч маш хурдтай халдварладаг тул бидний харж байсан халдварын давлагаануудаас хамгийн муу нь омикроны давлагаа болно" хэмээн Гейтс үзэж байна.
Түүний таамаглаж байгаагаар, урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж чадвал ирэх он цар тахлын сүүлийн жил болно гэж үзэж байгаагаа Билл Гейтс илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ