С.Эрдэнэ: Цар тахлыг далимдуулж төрийн дарангуйлал бий болжээ

Ардчилсан намаас Э.Бат-Үүлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Саяхан болсон том жижиг олон цуглаанаас улс төрийн намууд бүгд хүний эрхийн асуудлыг ярьж байгаа. Тэр дундаа үндэсний хэмжээний хоёр том намаас энэ жил хүний эрхийн асуудлыг нэлээн онцгойлж ярих шаардлага тавигдсан. Өнгөрч буй 2021 он хүний эрхийн олон ноцтой зөрчил гарсан. Хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр жагсаж цуглахад дарамталдаг хэлбэр нь Монголын төрд хэвийн үзэгдэл болж байна. Манайд нийгмийн болж байгаа нөхцөл байдлыг бодитойгоор мэдээлдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань хүртэл амаа үдүүлсэн мэт таг дуугуй байгаа. Аль ч суваг эрх баригчдыг магтан дуулсан дүр зурагтай байна.
Сүүлийн хоёр жил цар тахлыг далимдуулж төрийн дарангуйлал бий болжээ. Энэ нөхцөл байдалд хууль журам зохицуулалтаар иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх маш олон эрхийг хаасан. Иргэд үгээ хэлэх цаг болсон гэж харж байгаа. Өнөөдөр Э.Бат-Үүлтэй холбоотой асуудал яригдаж байгаа хэдий ч энэ зөвхөн Э.Бат-Үүлийн асуудал биш юм. Энэ бол улс орны тусгаар тогтнол хувь хүний эрх чөлөө, монголчуудын эрх чөлөөт байдлыг хамгаалах үйл хэргийн эхлэл юм. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх тэмцэлд Монголчуудыгаа уриалж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ