Казахстаны парламент цаазын ялыг цуцлах тухай хуулийн төслийг дэмжлээ
2021-12-23

Казахстаны Парламентын дээд таним цаазын ялыг цуцлах асуудлаар хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжжээ. Энэ нэмэлт өөрчлөлтөөр Казахстаны Эрүүгийн хуулийн бүхий л зүйл ангиас цаазын ял шийтгэлийг хасах юм.

 

Хуулийн нэмэлт өөрчлөлтийг цаазын ялыг цуцлахад чиглэгдсэн НҮБ-ын Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн гэрээний хоёрдугаар протоколд нийцүүлэн боловсруулсан байна. Казахстан улс энэ протоколыг 2021 оны нэгдүгээр сард соёрхон баталжээ.

 

"Эрүүгийн хуулиас ялын дээд хэмжээ болох "Цаазаар авах ял"-ыг нэг мөр хасаж байгаа. Цаазын ял сонссон хүмүүсийг хугацаанаас нь өмнө суллахыг хориглож, энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсний дараагаас ийм ялтай хүмүүсийг үйлдсэн хэрэгт нь нийцүүлэн ял шийтгэл онооно" хэмээн Казахстаны Парламентын хэвлэлийн алба мэдээлсэн байна.Ингэснээр, Казахстаны Эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээ нь бүх насаар нь хорих ял болох юм.

 

Сенат ийнхүү хуулийн төслийг дэмжсэнээр Казахстаны Ерөнхийлөгч гарын үсэг зурж, улмаар цаазын ялыг халах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. 

 

Казахстаны өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулинд 17 зүйл заалтаар цаазын ял оноодог. Гэхдээ шүүгч энэ ялын оронд бүх насаар нь хорих ял оноодог аж. Одоогоор Казахстанд цаазын ялыг хойшлуулсан. 2003 оны 12 дугаар сард Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев цаазын ялыг цуцлах асуудал шийдэгдэх хүртэл цаазын ялыг гүйцэтгэхийг хугацаагүйгээр хойшлуулсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
новшийн хасаг
2021-12-23