Германд омикрон штаммаас үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдэв
2021-12-24

Өмнөд Африкт анх 11 дүгээр сард илэрсэн коронавирусийн омикрон штамм бусад орнуудад хурдацтай тархан, одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдээд байна. Энэ штамм маш хурдтай халдварладаг хэдий ч өвчин хөнгөн байдлаар илэрдэг гэж Өмнөд Африкийн эрдэмтэд мэдэгдэж байлаа. Мөн ӨАБНУ-д омикрон штаммын халдвараас үүдэлтэй нас баралт огт бүртгэгдээгүй нь олон хүмүүст найдвар төрүүлээд байв. Гэсэн ч омикрон штамм ямар аюул тарихыг эцэслэн тогтоогоогүй тул улс орнууд хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Мөн энэ штамм тархаж буй Европын орнуудад нас баралт бүртгэгдэж эхэлсэн юм. 

 

Тухайлбал, Их Британи, АНУ-д омикрон штамм давамгайлж, эдгээр орнуудад энэ штаммын халдвараас үүдэлтэй нас баралт бүртгэгдэж байв. Үүний араас Германд омикроноос үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, омикрон штаммаар үүсгэгдсэн коронавирусийн халдвартай өвчтөн Германд нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчтөн 60-79 орчим насных гэж Германы хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Германд коронавирусийн халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаа юм. Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр, 12 дугаар сарын 23-ны өдөр Германд коронавирусийн халдварын шинэ тохиолдолд 44 927 бүртгэгджээ. Мөн өвчний хүндрэлээс үүдсэн нас баралт хоногт 425 бүртгэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин