ФОТО: Дэлхийн хамгийн ГАНГАН ГАЦУУРУУД
2021-12-24

Жил бүр дэлхий даяар шинэ оноо угтахад бэлдэн, сүлд модоо чимдэг. Хамгийн ганган, чамин гацуур засахаар далд өрсөлдөөн ч өрнөнө. 

 

Францын Страсбург хот

 

Страсбургийн сүлд модыг нээх ёслолын ажиллагаа нь энэ хотын тухайн жилийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болдог бөгөөд Зул сарын үзэсгэлэн худалдаа нээлтээ хийснийг энэ ёслолоор зарладаг. Энэ хотын сүлд мод Европын хамгийн том, хамгийн сайхан гацууруудын нэг

 

Чехийн Прага хот

 

 

Прага хот Зул сар болон шинэ жилийн баярыг хамгийн өргөн дэлгэр, романтик тэмдэглэдэг хотуудын нэг. Баярын үеэр гадаа талбайд урлагийн тоглолт болж, Зул сарын үзэсгэлэн худалдаа гарна.

 

Германы Кельн хот

 

 

Кельн хот бол Зул сарын баяраар аялдаг жуулчдын хамгийн их очих дуртай газруудын нэг. Энэ хот Зул сарын баярт зориулагдчихсан мэт баярын уур амьсгалыг утгаар нь бүрдүүлдэг газар. Мөн энэ хотод Германы хамгийн  гоёмсог зул сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг юм.

 

Гүржийн нийслэл Тбилиси хот  

 

Гүржийн нийслэл Тбилиси хот өвлийн улиралд жуулчдыг ихээр татдаг хотуудын эгнээнд аажмаар орж байна. Энэ хотод Зул сарын баярын үеэр гудамж талбайг чимэглэн, ид шидийн, үлгэрийн гэмээр уур амьсгал бүрдүүлдэг аж.

 

Италийн Ром хот

 

 

Ром хот бол Зул сарын баярыг угтахад төгс зохицмоор газар. Гудамж бүрт нь л санваартан дүүрэн. Энэ хотын Пьяцца Навоны талбай дээр дэлхийн хамгийн гоёмсог сүлд моднуудын нэгийг засдаг аж.

 

Бельгийн Брюссель хот

 

 

Бельгийн нийслэлд Европын хамгийн үзүүштэй зул сарын үзэсгэлэн худалдааны зах гардаг. Зул сарын баяраар хотыг бүхэлд нь гэрлэн чимэглэлээр чимэх бөгөөд энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс зочид хүлээн авдаг юм. Хэдийгээр цар тахлын улмаас энэ улсыг зорих жуулчдын хөл татарсан ч нутгийнхан зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр олноороо цуглан, баяр тэмдэглэдэг.

 

АНУ-ын Нью-Йорк хот

 

 

Манхэттен дэх Rockefeller Plaza бол Америкийн NBC телевизийн сувгийн байр бөгөөд энэ барилгын урд зассан Зул сарын гацуурыг дэлхийн хамгийн алдартай сүлд моднуудын тоонд зүй ёсоор багтаадаг. 1933 оноос эхлэн энд жил бүр сүлд мод асаах ёслолын ажиллагааны үеэр 45 мянган гэрэл асаадаг юм. 

 

АНЭУ-ын нийслэл Абу-Даби

 

 

Хүмүүс зул сарын сүлд модныхоо чимэглэлийг алдах, хагалах нь энгийн л зүйл. Харин Абу-Дабид байх Эмират Палаз зочид буудлын сүлд модноос чимэглэл алдагдвал буруутан нь шоронд хоригдох ялтай. Учир нь энэ модыг 11 сая гаруй ам.долларын үнэ бүхий үнэт чулуу, үнэт эдлэлээр чимсэн байдаг аж. 

 

Австралийн Мельбурн хот

 

 

Зул сар, шинэ жилийг өвөл, цасгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэхдээ нэгэнт л дулаан уур амьсгалтай бол зуны халуун наранд ч зул сарын баяраа тэмдэглэнэ. Австралид зул сарын баярын үеэр +40 хэм хүрч халах нь ч бий. Гэлээ гээд Зул сарын баярын хамгийн ганган гацууруудын нэгийг засахад юу ч саад болохгүй.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манайх зүгээр л төмөр биз дээ. Эд нар бол жингхэнэ гацуур
2021-12-27
Манай чингэсийн талбайд зассан мод илүү гоё бн ха хаааа
2021-12-24