Япон Бээжингийн олимпыг бойкотлохоо нотлов
2021-12-24 12:18

Ирэх хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох Өвлийн олимпыг АНУ дипломатаар бойкотлохоор болсноо зарласны дараа өөр хэд хэдэн орон энэ шийдвэрт нэгдсэний нэг нь Япон улс байлаа. 

 

Улмаар Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно Япон улс Бээжингийн Өвлийн олимпыг дипломатаар бойкотлоно гэдгийг нотоллоо. Энэ талаар Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. Түүний өгүүлснээр төрийн өндөр албан тушаалтнууд энэ олимпод оролцохгүй, гагцхүү спортын салбарын албан тушаалтнууд Япон улсыг төлөөлөх гэнэ. 

 

"Бээжингийн олимпын наадамд Токиогийн олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга Хасимото, Японы Олимпын хорооны тэргүүн Ямасита нар оролцоно. Түүнчлэн Паралимпийн наадамд Паралимпийн хорооны тэргүүн Мори оролцоно" хэмээн Мацуно өгүүлжээ. 

 

Зарим орнууд Бээжингийн олимпыг дипломатаар бойкотлох болсонтой холбоотойгоор БНХАУ хатуухан мэдэгдэл хийж байлаа. Тэр дундаа Япон улс дипломат бойкотод нэгдэж болзошгүй талаарх мэдээлэл гарсны дараа Япон дахь Хятадын Элчин сайд кун Сюанью хоёр орны харилцаа муудаж болзошгүйг анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин