Коронавирус бүхий л биеэр тархах чадвартайг эрдэмтэд илрүүлжээ
2021-12-27

Коронавирус бүх биеэр, тэр дундаа тархинд тархдаг чадвартай бөгөөд энэ нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнд "ковидын эмгэг" удаан үргэлжлэхэд нөлөөлдөг байж болзошгүй гэнэ.

 

Тодруулбал, коронавирус бүх биеэр тархаж, хэдэн сарын туршид бие организмд үлддэг чадвартай гэдгийг эрдэмтэд илрүүлжээ. Энэ талаар Nature шинжлэх ухааны сэтгүүл мэдээлсэн байна. Судалгааг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэн, Мэрилендийн их сургуулийн анагаах ухааны сургууль болон Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хамтран хийсэн байна.

 

Коронавирусийн халдварын улмаас нас барсан 44 хүнд эрдэмтэд судалгааныхаа явцад задлан хийсэн бөгөөд өвчний шинж тэмдэг илрээгүй эсвэл өвчин маш хөнгөн байдлаар илэрсэн хүмүүсийн бүхий л биед тархсан байгааг илрүүлсэн байна. Тэр дундаа тархины зарим хэсгүүдээс вирусийн рибонуклеин хүчлүүд илэрсэн бөгөөд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 230 хоногийн дараа ч коронавирусийн ул мөр ажиглагдаж байсан гэнэ. 

 

Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, коронавирус амьсгалын замын эрхтнүүдээс өөр газарт ч үржих, эд эсийг халдварлуулах чадвартай гэнэ. Хэдийгээр вирус бүхий л биеэр өргөн тархаж байгаа ч уушгинаас бусад газарт үрэвсэл бараг үүсгэхгүй байсан талаар судалгаанд онцолжээ. 

 

Вирус хүний биед ийм удаан хугацаатай байгаа нь эдгэрсний дараа ч өвчлөл байсаар байдаг "ковидын эмгэг"-ийн шалтгаан байж мэдэх юм хэмээн эрдэмтэд таамагласан байна. Вирусийн тархалтын механизм болон түүнд хариу үйлдэл үзүүлэх организмын реакцийг ойлгосноор халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд тустай гэж эрдэмтэд үзэж байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлжээ.

 

"Коронавирусийн халдвараас үүдэлтэй урт хугацааны эмгэг дотор эрхтэнүүдэд хэрхэн нөлөөлдгийг биед ойлгодоггүй, учрыг нь олоогүй байсан. Харин энэхүү судалгаа нь хөнгөн өвдсөн эсвэл шинж тэмдэг ч илрээгүй эдгэрсэн хүмүүс "ковидын эмгэг"-т өртөж байгааг тайлбарлахад тусалж байна" хэмээн Миссури мужийн Ахмад дайчдын асуудал эрхэлсэн эрүүл мэндийн төвийн захирал Зияд Аль-Али Блүмберг агентлагт ярьжээ.

 

Ковидын эмгэг буюу удаан ковид гэж юу вэ? 

 

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст төрөл бүрийн шинж тэмдгүүд багагүй хугацаанд илэрч, үүнийг "удаан ковид" гэж эмч нар нэрлэх болсон. "Ковидын дараах эмгэг", "удаан ковид" гэж нэрлэж буй "ковидын дараах байдал"-ыг хэрхэн тодорхойлох талаар ДЭМБ 10 дугаар сард анх удаа албан ёсоор тайлбар, жагсаалт гаргасан юм. ДЭМБ ковидын дараах байдал гэж юу болохыг тодруулахын тулд өвчтөн, эмч, эрдэмтэн, ДЭМБ-ын шинжээч болон хөндлөнгийн шинжээчдийг оролцуулан судалгаа хийсний үндсэн дээр "удаан ковид"-ын шинж тэмдгүүдийг нэрлэж байв. 

 

Энэ судалгаанд 29-92 насны 460 хүн оролцсон бөгөөд үндсэн бүлгийнх нь 50-60-аас дээш насныхан байсан аж. Судалгааны дүнгээр эмч, мэргэжилтнүүд удаан ковидын гол шинж тэмдгүүд, үргэлжлэх хугацааг тодорхойлжээ. ДЭМБ-ын мэдээлснээр, энэхүү шинж тэмдгүүд нь батлагдсан оноштой эсвэл өвчилсөн байх магадлалтай (лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй) хүмүүст илэрдэг гэнэ. Удаан ковидын шинж тэмдэг ихэвчлэн ковид туссанаас хойш гурван сарын дараа илэрч, хоёр сар гаруй хугацаанд үргэлжилдэг аж. Ихэвчлэн эдгээр шинж тэмдгүүд нь өөр өвчинтэй хамааралгүй, өөрөөр хэлбэл ковид туссан гэдгээс өөр шалтгаан байдаггүй гэнэ.

 

Ковидын дараах биеийн байдлын ерөнхий шинж тэмдгүүд

 

- ядрах

- амьсгаадах 

- сэтгэн бодох чадвар алдагдах (анхаарал төвлөрөх, санах, сэтгэхэд хүндрэл тулгараха)

 

Эдгээрээс гадна хүний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг бусад шинж тэмдгүүдийг ч ДЭМБ мэдээлсэн байна. Ийм шинж тэмдгүүд нь аажимдаа өөрчлөгдөж, дахин илэрж ч болзошгүй гэнэ.

 

Ковидын дараах биеийн байдалд илрэх бусад шинж тэмдгүүд

 

- гэдэс хэсгээр өвдөх

- сарын тэмдэг ирэх үеэр өвдөх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах 

- амт, үнэр мэдрэх нь өөрчлөгдөх 

- түгшүүр төрөх 

- нүд бүрэлзэх 

- цээжээр өвдөх 

- ханиалгах 

- депресс,

- толгой өвдөх 

- халуурах 

- гэдэс ходоод хямрах (гүйлгэх, өтгөн хатах ),

- толгой өвдөх 

- булчин өвдөх 

- мэдрэлийн өвчин 

- харшилтай болох 

- бие хорсох мэдрэмж төрөх 

- биеийн ачаалал тэсвэрлэхгүй байх 

- нойр муудах 

- зүрх дэлсэх 

- чих шуугих болон сонсголтой холбоотой бусад эмгэгүүд

 

ДЭМБ-ын онцолж байгаагаар өвчтөнүүдийн ихэнх нь ковид туссаны дараа энгийн амьдралдаа эргэн ордог ч ковидын дараах байдалд ордог хүмүүс ч цөөнгүй гэнэ. Судалгаагаар, ковидын хүнд үеийг туулсан хүмүүсийн 10-20 хувьд нь ийм шинж тэмдгүүд илэрч, олон долоо хоног, сараар үргэлжилдэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин