Талибан: Их дээд сургуулиудыг нээх хөрөнгө байхгүй
2021-12-28

Эдийн засгийн хямралын улмаас Афганистаны их дээд сургуулиудыг нээх боломжгүй гэж талибууд мэдэгджээ. Энэ талаар ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

"Их дээд сургуулиудыг нээхэд их цаг хугацаа орно. Сургалтыг эхлүүлэхээс өмнө их дээд сургуулиудын санхүүжилт, охидод зориулсан тусгай анги танхим нээх, тэдэнд хичээл заах багш нарыг авах гэсэн асуудлуудыг шийдэх ёстой" хэмээн Дээд боловсролын сайд Абдул Баки Хаккани мэдэгджээ. 

 

Харин өмнө нь, есдүгээр сард талибууд мэдэгдэл хийхдээ "долоо хоногийн дотор" их дээд сургуулиудыг нээнэ гэж амлаж байлаа. Гэхдээ коронавирусийн цар тахал болон засаг өөрчлөгдсөнөөс үүдэн хамгийн их хохирсон салбар нь боловсролын салбар гэдгийг хүлээн зөвшөөрч байв.

 

Талибууд засгийн эрхэнд гарсныхаа дараа охид, эмэгтэйчүүдийн сурах, ажиллах эрхийг ихээхэн хязгаарласан бөгөөд их дээд сургуулиудад эмэгтэйчүүдийг эрчүүдээс тусдаа ангид хичээллэх журам гаргасан юм. Түүнчлэн эмэгтэй оюутнуудад гагцхүү эмэгтэй багш, эсвэл ахмад насны эрэгтэй багш хичээл орох ёстой гэж журамд заажээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин