Талибууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан эмэгтэйчүүд рүү бууджээ
2021-12-28

Афганистаны нийслэл Кабул хотод эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулжээ. Харин тэднийг тараахын тулд талибууд гал нээсэн талаар Афганистаны "Ашвака" агентлаг Твиттер хуудсандаа мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг Кабул дахь Италийн хүмүүнлэгийн байгууллагын эмнэлгээс холгүйхэн болжээ. Хэсэг эмэгтэйчүүд тэдний эрхийг хамгаалахыг шаардан, ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр "Талибан" бүлэглэлийн дайчид гал нээсэн бөгөөд гэмтсэн, амиа алдсан хүний талаарх мэдээлэл одоогоор гараагүй байгаа гэнэ. 

 

Эргэн сануулахад, "Талибан" хөдөлгөөн энэ оны наймдугаар сарын 15-ны өдөр Кабул хотыг эзлэснээр Афганистанд хяналтаа тогтоож байгаагаа мэдэгдсэн. Улмаар тэд төрийн эрхэнд гарсныхаа дараа эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулсан хууль, журам гаргаж эхэлсэн юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан яамыг татан буулгаж, зарим эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх боломжгүй болгосны дээр их дээд сургуулиудад эмэгтэй оюутнуудыг тусгай өрөөнд хичээллэх, эмэгтэйчүүд дагалдах эр хүнгүйгээр хол газар зорчих, эмнэлэгт үзүүлэх боломжгүй болсон. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарын эмэгтэй ажилтнууд олноороо ажилгүй болж, эфирээр эмэгтэй хөтлөгч гаргахыг хориглож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин