ФОТО: Дэлхийд өрнөсөн онцлох үйл явдлууд-2021

Трамп хоёр дахиа импичмент сонсов
Нэгдүгээр сарын зургааны өдөр Трампыг дэмжигчид Байденыг ерөнхийлөгчийн албан тушаалд батлах Конгрессын хурал болж байсан Капитоли руу дайрч, эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хэд хэдэн хүн амиа алдсан юм. Үүнээс хэд хоногийн дараа, нэгдүгээр сарын 13-ны өдөр Төлөөлөгчдийн танхим Трампыг "Америкийн эсрэг зэвсэгт бослогод" өдөөн турхирсан гэж буруутган импичмент зарлав. Ингэснээр Трамп хоёронтоо импичмент зарлуулсан түүхэн дэх анхны ерөнхийлөгч болсон юм.
Байден тангараг өргөлөө
Нэгдүгээр сарын 20-ны өдөр Ардчилсан намын гишүүн Жо Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болж, тангараг өргөв. Тэрбээр албан тушаалдаа орсон эхний өдрүүддээ л Трампын гаргасан шийдвэрүүдийг цуцалж байлаа.
Мьянмарын цэргийн эргэлт
Хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарт цэргийн эргэлт болов. Ингэснээр тус улсын зөвлөх, Нобелийн шагналт Аун Сан Су Жиг Ерөнхийлөгчийн хамт баривчлан, гэрийн хорионд оруулсан юм. Улмаар 12 дугаар сард түүнд дөрвөн жилийн ял оноожээ.
Хятадын тойрог замын станц
Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Хятад улс "Тяньгун" тойрог замын станцын суурь модулийг сансарт илгээв. Дэлхийн гадаргуугаас 350-450 км өндөрт байх дэлхий орчмын тойрог замд байрлах сансрын станц нь олон модулиас бүрдэх юм. Одоо сансарт энэ станц дээр сансрын нисэгчид ажиллаж, тоног төхөөрөмж суулгаж байна.
Израиль, Палестины хямрал
Тавдугаар сарын зургааны өдөр Израиль-Палестины хямралын шинэ зөрчилдөөн өрнөв. Иерусалимын нэгэн дүүрэгт орон сууцнаас палестинчуудыг гаргаснаас болж Палестин, Еврейн жагсагчдын хооронд мөрөглдөөн гарсан юм. Сөргөлдөөнийг таслан зогсоохоор Израилийн цагдаа оролцсон нь хоёр орны хооронд ээлжит сөргөлдөөнийг үүсгэсэн. Хоёр тал харилцан пуужингаар харваж, агаарын цохилт өгч байлаа. Үүний улмаас энгийн иргэд ч олноор амиа алдсан юм.
Беларусь онгоц "барьцаалав"
Тавдугаар сарын 23-ны өдөр Афинаас Вильнюс чиглэлд нисэж явсан Ryanair компанийн онгоцыг Минскт албадан буулгав. Онгоц газардсаны дараа Беларусийн Улсын аюулгүй байдлын хорооны шуурхай бүлэг онгоцонд зорчиж явсан, Беларусийн сөрөг хүчний зүтгэллтэн Роман Протасевич болон түүний найз бүсгүй, Оросын иргэн Софьяг буулгасан юм. Беларусь ийнхүү хүчээр онгоц буулгасны хариуд ЕХ болон бусад орнууд өөрсдийн нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөхийг Беларусийн агаарын тээврийн компаниудад хориглосон бол АНУ хориг арга хэмжээгээ сэргээж байлаа.
Цагаачлалын хямрал
2021 оны хавар Беларусийн хил дээр цагаачлалын хямрал үүсэв. Ирак, Сири, Афганистан болон Африкийн орнудаас ирсэн олон мянган цагаач Польш, Литва, Латвитай залгаа Беларусийн хил дээр бөөгнөрөх болсон юм. Улс орнууд хилийн хамгаалалтаа чангатгаж, хил рүүгээ цэрэг татаж байв. Нөхцөл байдал 11 дүгээр сард улам хурцдаж, цагаачид хилчидтэй мөргөлдсөн юм.
Байгальд ээлтэй хууль хэрэгжиж эхлэв
Долдугаар сарын гуравны өдөр Европын холбоо нэг удаагийн, байгальд задардаггүй хуванцар ашиглахыг бүхэлд нь хориглов. Холбогдох хуулийг 2019 онд баталсан юм. Энэ хуулиар зөвхөн гялгар уут төдийгүй хуванцар нэг удаагийн бүхий л хэрэгслийг хоригложээ.
Гаитид хөнөөл дагуулсан газар хөдлөлт тохиов
Наймдугаар сарын 14-ний өдөр Гаитид газар хөдлөлт болсны улмаас 2207 хүн амиа алдаж, 12 мянган хүн гэмтэж бэртсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ