COVID-19: Афганистанд хөрөнгөгүйн улмаас эмнэлгүүдийг хаажээ
2021-12-30

Афганистанд Талибан хөдөлгөөн хяналтаа тогтоосны дараагаас эмнэлгийн салбарын санхүүжилт тасалдсантай холбоотойгоор тус улсад коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэх 21 эмнэлгийг хаажээ. Энэ талаар Афганистаны Эрүүл мэндийн яамны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Афганистанд коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэх 38 эмнэлэг ажиллаж байснаас одоо гагцхүү 17 нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Хөрөнгө мөнгөгүйн улмаас хаагдсан эмнэлгүүдийн санхүүжилтийг сэргээх зорилгоор олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийсэн, зарим нь санхүүжилт олгохыг зөвшөөрсөн гэж Афганистаны эрүүл мэндийн яам мэдээлжээ.

 

Энд дуулгахад, Афганистанд цар тахал эхэлснээс хойш коронавирусийн халдварын 150 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 7000 хүн халдварын улмаас нас барсан байна. Афганистаны төрийн эрхийг талибууд гартаа авсны дараа тус улсын эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, олон улсын байгууллагууд санхүүжилтээ зогсоож байв. Гэсэн ч НҮБ-ын уриалгаар Афганистаны ард түмэнд туслах ажлыг дэлхийн олон орон эхлүүлж, хамгийн сүүлд гэхэд л 12 дугаар сарын 23-ны өдөр АНУ коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин бүхий нийтдээ 1.4 сая ам.долларын үнэтэй хүмүүнлэгийн ачааг хүргэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин