Путин: Оросын эсрэг шинээр хориг тавьбал АНУ-аас харилцаагаа тасална

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд 12 дугаар сарын 30-нд Москвагийн цагаар 11.30 цагт утсаар ярилаа. Тэдний яриа үр дүнтэй болж өнгөрсөн гэж талууд мэдэгдсэн байна.
Энэа утасны яриа сэтгүүлчдэд хаалттай болж өнгөрсөн юм. Хэлэлцээрийн дараа Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Оросын эсрэг шинээр "байж болшгүй" хориг арга хэмжээ тавьсан тохиолдолд хоёр орны харилцааг таслахад хүргэнэ гэж Путин Байденд анхааруулсныг онцолсон байна.
Жо Байден Украинд цохилт өгөх довтолгооны зэвсэглэл байрлуулахгүй гэдгээ амласны дээр, цөмийн дайныг өдөөхгүй байхын чухлыг онцолжээ. Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүн шинэ он гарсны дараа хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ушаковын өгүүлснээр, стратегийн аюулгүй байдлын баталгаатай холбоотой Москвагийн саналуудын үндсэн зарчмуудыг тодорхой өгүүлсэн гэнэ. Оросын хувьд "үр дүн чухал", Оросын эрх баригчид "үр дүнд хүрнэ" гэж Ушаков цохон тэмдэглэжээ.
"АНУ-ын Ерөнхийлөгч ч мөн энэ байр суурьтай санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Европт төдийгүй дэлхийн бусад цэгүүдэд ч энх тайван, аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтад Орос, АНУ гол үүрэг гүйцэтгэх ёстойг Байден цохон тэмдэглэсэн юм" хэмээн Ушаков мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
Утсаар ярилцах үеэр Жо Байден Украины хилийн дагуу хурцадмал байдал үргэлжилвэл Барууны орнууд Оросын эсрэг "эдийн засаг, санхүү, цэргийн салбарт өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээнүүдийг тавина" гэж онцолсон байна.
"Энэ дурдсан, хориг арга хэмжээнүүдээ Барууны орнууд манай эсрэг тавихаар шийдвэл энэ нь манай хоёр орны хоорондын харилцааг бүрэн таслахын дээр Орос, Барууны харилцаанд ноцтой хохирол учруулна гэдгийг Ерөнхийлөгч анхааруулсан" хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний туслах Ушаков мэдэгджээ.
Хэдийгээр ийм нухацтай мэдэгдлүүдийг харилцан хийсэн ч хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээ "нээлттэй, өргөн цар хүрээтэй болж өнгөрсөн" хэмээн Юрий Ушаков мэдэгджээ. Байден, Путин нар 50 минутийн хугацаанд утсаар ярьсан байна. Энэ утасны яриа Москвагийн санаачилгаар болсон бөгөөд нэгдүгээр сарын 10-ны өдөр дахин утсаар хэлэлцээ хийхээр тохиролцжээ.
Өмнөх уулзалтын талаар
Зөвхөн энэ сард гэхэд л АНУ, Оросын төрийн тэргүүнүүд хоёр дахиа хэлэлцээ хийсэн нь энэ юм. Өмнө нь 12 дугаар сарын долооны өдөр тэд цахим уулзалт хийж байлаа. Тухайн үед тэдний ярианы гол сэдэв нь Украины хилийн орчимд Оросын цэргүүд байрласан, Барууны орнууд Орос Украин руу халдаж болзошгүйд санаа зовниж байгаатай холбоотой байв.
Уулзалтын үеэр Украины хилийн орчимд Оросын цэргүүд олноор байрласантай холбоотой нөхцөл байдалд АНУ санаа зовниж байгааг Байден илэрхийлж байсан юм. Түүнчлэн энэ удаад хориг арга хэмжээний талаар сануулсан шигээ өмнө нь ч энэ талаар анхааруулж байлаа. Тодруулбал, Украиныг тойрон Орос улс цэргүүдээ байршуулсантай холбоотойгоор АНУ болон Европын холбоотнууд санаа зовниж байгааг Байден илэрхийлээд АНУ болон манай холбоотнууд нөхцөл байдал хурцадвал эдийн засгийн болоод бусад шийдэмгий арга хэмжээгээр хариу барина гэдгийг цохон тэмдэглэж байв.
Үүний хариуд Путин НАТО Украины нутаг дэвсгэрийг эзэмших аюултай оролдлогууд хийж байгаагийн дээр Оросын хилийн орчимд цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна хэмээн мэдэгдсэн байна.
"Тиймээс Орос улс дорнод чиглэлд НАТО хүчээ зузаатгахгүй байх, Оростой хил залгаа улс орнуудад цохилтот, дайралтын систем байршуулахгүй гэсэн найдвартай, хууль ёсоор баталгаажсан баталгаа авах сонирхолтой" хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгдэж байлаа.
Эргэн сануулахад, ОХУ Украин руу халдахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр өнгөрсөн 10 дугаар сараас л гарч эхэлсэн бөгөөд тухайн үед энэ мэдээллийг Америкийн тагнуулын газраас авсан эх сурвалжаас иш татсан хэмээн онцолж байв. Украины баталж байгаагаар, Орос улс хил дээр 94 мянга орчим цэргийн алба хаагч байршуулж, хил рүү хуягт танк, радиоэлектроны системүүдийг татсан гэнэ.
Харин Оросын тал Украин руу дайрахаар бэлдэж байгаа гэсэн энэ мэдээллийг няцааж, цэргийн сургуулилалт хийж байгааг удаа дараа онцолж байсан юм.
"Бид өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ цэргээ хөдөлгөх эрхтэй, гэхдээ ямар ч хурцадмал байдал үүсгэх зорилгогүй" хэмээн өнгөрсөн баасан гарагт, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушков мэдэгдэж байлаа.
Түүнчлэн Украин нөхцөл байдлыг хурцатгах зорилгоор цэргүүдээ хөдөлгөж байгаа гэж ОХУ мэдэгдэж байв. ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдсэнээр Украин улс Оростой залгаа хил рүүгээ 125 мянган цэрэг илгээжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ