ДЭМБ: Вакциныг тэгш хуваарилвал 2022 онд цар тахал дуусна
2022-01-03

2022 он коронавирусийн цар тахлын сүүлчийн жил байж болох юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ. Гэхдээ дэлхий дахин вакцин хуваарилалт дээр тэгш бус, шударга бус байдлыг арилгасан нөхцөлд энэ он тахлын сүүлийн болох гэнэ. 

 

Тэрбээр шинэ жилийн баярыг тохиолдуулан хүргэсэн мэндчилгээндээ "омикрон хувилбар нь зарим орнууд вакциныг хэт ихээр нөөцөлдж, хэт явцуу үндсэрхэг үзэл гаргасны улмаас үүссэн" хэмээн мэдэгдсэн байна.

 

Дэлхийн ихэнх бүс нутгийн хүн ам эхний тун вакцинаа ч тариулж чадаагүй байхад сүүлийн үед вакцины бустер тунг хийлгэхийг иргэддээ санал болгож буй чинээлэг орнуудыг ДЭМБ нэг бус удаа шүүмжилж байлаа. Чухамхүү ийм шударга бус байдал нь омикрон штамм үүсэх "таатай нөхцлийг бүрдүүлсэн" гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ. 

 

"Шударга ёсны зарчим алдагдсаар байвал энэ вирус цаашид өөрчлөгдөн хувьсах эрсдэл улам өндөр болно. Бид тийм хувьслаас сэргийлж, урьдчилан таамаглаж ч чадахгүй" хэмэн Гебрейесус мэдэгджээ. 

 

Түүнчлэн цар тахлын хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 8,5 тэрбум вакцины тун тарьснаар олон сая хүний амь насыг аварсан гэдгийг онцолсон байна.

 

"Цар тахлын гурав дахь жил рүү орж байгаа энэ үед бид хамтдаа зүтгэвэл энэ оныг тахлын сүүлийн жил болгож чадна. Бид шударга бус байдлыг дуусгаж чадвал цар тахлын төгсгөлийг тавина" хэмээн Гебрейесус онцолсон байна. 

 

Өмнө нь ДЭМБ дэлхийн бүхий л оронд хүн амынх нь дор хаяж 40 хувийг вакцинжуулах зорилт тавьж байлаа. Гэьч Африкийн ихэнх оронд энэ зорилго хэрэгжээгүй юм. Харин одоо 2022 оны долдугаар сар гэхэд манай гарагийн хүн амын 70 хувийг вакцинд хамруулах шаардлагатай гэж ДЭМБ үзэж байгаа аж.

 

Дэлхий даяар шинэ жилийг даруухан тэмдэглэв

 

Хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг, олноор цугларан тэмдэглэдэг шинэ жилийн баяр энэ жил дахиад л цар тахлын улмаас нүсэр болж чадсангүй.

 

Нью-Йорк хотод асар том бөмбөлөг уламжлал ёсоор Таймс-сквер руу буусан ч үүнийг гагцхүү 15 мянган хүн л үзэж сонирхжээ. Энд цугласан олон бүгд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж талбай руу нэвтэрсэн байна. Өнгөрсөн жил энэ талбай дээр 58 мянган хүн цугларч байв. 

 

Харин Францын нийслэл Парис хотод эрүүл мэндийн зөвлөх бүлгийн зөвлөмжөөр уламжлал болсон ёслолын буудлагыг цуцалсан байна. Учир нь ёслолын буудлага хийж, олон хүн нэг дор цуглуулах нь хэтэрхий аюултай гэж үзжээ.

 

Британийн нийслэл Лондон хотод ёслолын буудлагыг цуцална гэж 10 дугаар сард мэдээлж байсан ч он солигдох мөчид ёслолын буудлаг хийсэн байна. Гэхдээ оршин суугчдыг хотын төв рүү цуглалгүй, гэрээсээ, зурагтаар галын шоуг үзэхийг уриалжээ.

 

Нидерландад нэг дор дөрвөөс дээш хүн цугларахыг хориглосон ч он солигдох мөчид хязгаарлалтын арга хэмжээг үл хайхарсан олон мянган хүн Амстердамын төв талбай дээр цугларсахн байна.

 

Харин Омикрон штамм анх илэрсэн ӨАБНУ-д шөнийн цагаар гадаа гарахыг хориглосон журмыг цуцалжээ. Өмнөд африкийн эрх баригчид шинэ хувилбарын дэгдэлтийн оргил үе өнгөрсөн гэж үзсэн тул ийм шийдвэр гаргнасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин