Амстердамд хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр өндөрлөжээ
2022-01-03

Нидерландын Амстердам хотод коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болж, улмаар цагдаагийнхантай мөргөлджээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Амстердам хотын Музейн талбай дээр нэгдүгээр сарын хоёрны өдөр олон мянган хүн цуглаж, хориг, хязгаарыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэнэ. Цагдаагийнхан тэднийг тарахыг шаардахад жагсагчид эсэргүүцэл үзүүлж, улмаар мөргөлдөөн үүссэн байна.

 

Нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд тусгай тасгийнхан оролцож, цагдаагийнхны эсрэг түрэмгийлэл үйлдсэн жагсагчдыг бороохойджээ. Улмаар нөхцөл байдлыг тогтворжуулж чадсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин