Илон Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 32 тэрбумаар нэмэгджээ
2022-01-04

Америкийн зохион бүтээгч, бизнесмен, Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч  Илон Маск нэг өдрийн дотор хөрөнгөө 32,6 тэрбум доллараар өсгөж чадсан талаар Форбс сэтгүүл мэдээлжээ. 

 

Форбс сэтгүүлийн мэдээлснээр, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх 2022 оны анхны арилжааны өдөр болох нэгдүгээр сарын гуравны өдөр Тесла концерны үнэт цаас 13,53 хувиар өсөж нэгж хувьцаа нь 1199,78 долларт хүрсэн байна. 2021 оны дүнгээр энэ компани цахилгаан машины нийлүүлэлт дээд амжилт тогтоосон талаарх мэдээлэл ням гаригт гарсны дараа хувьцааны үнэ ийнхүү эрс өсжээ. Тесла компани 12 сарын хугацаанд 936 172 цахилгаан машин борлуулсан байна.

 

Ингэснээр дэлхийн дэлхийн хамгийн чинээлэг хүнд тооцогддог Маскийн хөрөнгө ганцхан өдрийн дотор 32,6 тэрбум доллараар нэмэгдэж, одоо хөрөнгө нь 304,2 тэрбумаар хэмжигдэж байгаа талаар Форбс сэтгүүл мэдээлжээ. Энэ сэтгүүлийн гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад Маскийн араас Францын Louis Vuitton Moet Hennessy группийн тэргүүн Бернар Арно бичигддэг бөгөөд түүний хөрөнгө 200,6 тэрбумаар үнэлэгддэг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин