Хийн үнийг эсэргүүцэн 3 өдөр жагссан казахстанчууд санасандаа хүрэв
2022-01-05

Казахстаны баруун нутгийн Мангистауск мужид шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн олон мягмар гаригт гурав дахь өдрөө үргэлжилсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Казахстанд 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хийн үнэ эрс өсөн, литр нь 60 тенге байсан хий 120 тенге болж өссөн юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гаригт эсэргүүцлийн жагсаал даамжран, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Казахстаны хэвлэлүүдээр энэ талаар төдийлөн мэдээлээгүй ч олон нийтийн сүлжээгээр цагдаа, жагсагчдын хооронд болсон мөргөлдөөнийг харуулсан бичлэг тархжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийгр эсэргүүцсэн олны жагсаал Жанаозен, Курык, Акшукур, Атырау болон бусад суурин газруудад болж байгаа аж. Тэдгээрээс хамгийн өргөн цар хүрээтэй нь Актау хотод болж байгаа бөгөөд энд мянга орчим хүн эсэргүүцэлд нэгдэн, цугласан байна.

Актау хотын захиргааны байрны өмнөх талбайд эсэргүүцэгчид цуглаж, шөнө дунд болсон ч тараагүй гэнэ. Оршин суугчид жагсагчдад хоол хүнс авчирж өгсний дээр жагсагчид эндээ майхан дэлгэн хоносон талаар Регнум агентлагийн Казахстан дахь сэтгүүлч дамжуулжээ. Түүнчлэн эсэргүүцэгчид захиргааны байрны гадаа гэр барьж, эсэргүүцлийн жагсаалд оролцсон бүх хүнийг ус, хоол хүнсээр хангасан гэж ярьсан байна. 

 

"Олон мянган хүн Казахстанд эсэргүүцлээ илэрхийлж, "Өвгөн, зайл" гэж орилолдож байна. Энэ нь дарангуйлагч Назарбаев найзуудынхаа хамт огцрох ёстой гэдгийг илэрхийлж байгаа юм" хэмээн нэгэн идэвхтэн Твиттер хуудсандаа бичжээ.

 

Нутгийн эрх баригчид хууль зөрчихгүй байхыг иргэдээсээ хүссэн байна. Мөн нэгдүгээр сарын дөрөвний өдөр Нур-Султанд жагсаалд оролцогчдоос хэд хэдэн хүн саатуулжээ. Харин Алматы хотод замуудыг хааж, хотын төвд интернет сүлжээг тасалсан байгаа талаар ВВС агентлагийн Казахстан дахь сурвалжлагч мэдээлсэн байна. 

Жагсагчид ялав 

Эсэргүүцэл олон хотод дэгдсэнтэй холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев засгийн газрын тусгай комисс байгуулан ажиллуулахаар болсноо зарласны дээр жагсагчдыг хууль журам сахихыг уриалсан юм.

Улмаар хийн үнийг зохицуулах тал дээр арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар Казахстаны Ерөнхий сайд мэдэгдсэн бол шатахуун түгээгүүрийн газрын эзэд "сайн дураар" нэг литр хийн үнийг 85-90 тенге болгон бууруулахыг зөвшөөрсөн байна. Гэвч энэ шийдвэрт эсэргүүцэгчид тайвширсангүй, тэд шингэрүүлсэн хийн үнийг хуучин үнэ болох 60 тенге болгохыг шаардсаар байгаа аж. 

 

Одоогоос 11  жилийн өмнөх эмгэнэлт явдлыг давтахгүйн тулд эрх баригчид олон талын арга хэмжээ авч, хэлцэл хийхийг хичээж байгаа бөгөөд Мангистауск мужийн оршин суугчдын төлөөлөгчид болон энд ирсэн засгийн газрын комиссын гишүүд нөхцөл байдлыг зохицуулах талаар хэлэлцээ хийж эхэлжээ. 2011 онд одоогийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байгаа Жанаозен хотод газрын тос боловсруулалтын төвийн ажилтнууд удаан хугацааны ажил хаялт зарлаж, улмаар эмх замбараагүй байдал дэгдэж байлаа. Үймээнийг намжаахаар цагдаагийнхан ажиллаж байх үедээ жагсагчид руу гал нээсний улмаас 16 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдсан юм. 

 

Улмаар Казахстаны Засгийн газар жагсагчдын шаардлагыг хүлээн авч, Мангистауск мужид шингэрүүлсэн хийн үнийг машинд 50 тенге байхаар шийдсэн байна. Түүнчлэн жагсаал цуглаанд оролцсон хэнийг ч хариуцлагад татахгүй гэж амалжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин