Казахстанд энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэнэ

Казахстанд тайван эхэлсэн жагсаал эмх замбараагүй байдалд шилжин, нэгдүгээр сарын тавны үдэш Алматы хотын жагсагчид захиргааны байр, Ерөнхийлөгчийнхөө ордон руу халдан, галдаж, цагдаа, түргэн тусламжийн машинуудыг эвдэж сүйтгэн шатааж, нөхцөл байдал хяналтаас гарсан юм. Эмх замбараагүй байдлыг намжаах үүднээс Казахстан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад ханджээ.
Улмаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Хамтын аюулгүйн байдлын зөвлөл Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээхээр шийдсэн талаар Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдсэн байна. Казахстан дахь нөхцөл байдалд "гаднаас" оролцоотой гэж үзсэн тул ийм шийдвэр гаргажээ.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад Армени, Белорусс, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан багтдаг юм.
"Казахстаны Ерөнхийлөгч Касым Токаев хандсаны дагуу, Казахстан улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд, тэр дундаа гаднаас оролцсон аюул занал үүссэн тул Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Хамтын аюулгүй байдлын зөвлөл гэрээний 4 дүгээр зүйлийн дагуу Казахстан руу нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс Хамтын энхийг сахиулагч хүчнийг илгээхээр шийдлээ" хэмээн Пашинян Фейсбүүк хуудсандаа бичжээ.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь 1992 оны тавдугаар сарын 15-наас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Энх тайвныг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах, оролцогч орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалах нь энэ байгууллагын зорилго юм.
Цэрэг оруулахыг эсэргүүцэв
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстан руу энхийг сахиулагчдыг оруулах шийдвэр гаргасны дараа үүнийг эсэргүүцсэн цахим өргөх бичиг Change.org сайтад нийтлэгджээ. Өргөх бичгийг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын тэргүүнүүдэд хандан хаягласан байна.
Өргөх бичгийг анхлан гаргасан Роман Кисилев гэх иргэн Казахстан дахь жагсаал эцсээ хүртэл тайван байсан, хүчний байгууллагуудын зүгээс ирсэн хүчирхийллийг таслан зогсоох гэснээс үүдэлтэйгээр хариу арга хэмжээ авч байсан гэдгийг онцолжээ.
Түүний өгүүлснээр, гаднаас цэргийн дэмжлэг авах гэж оролдож буй нь Казахстаны Ерөнхийлөгч эрх мэдлээ бүрэн алдаж байгаа, эрх баригчид ард түмнээсээ дэмжлэг авч чадахгүй байгаагийн илрэл гэнэ. Мөн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнууд нь гагцхүү эсэргүүцэл дэлхий, олон улсын аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй нөхцөлд л НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж болно гэж онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ