COVID-19: Тяньжинь хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулна
2022-01-10

Хятадын томоохон боомт хот болох Тяньжинь хотод коронавирусийн халдвар илэрсэн тул вирусийн тархалтыг хязгаарлахтай холбоотой хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлжээ. 

 

Коммерсант агентлагийн мэдээлснээр, Тяньжинь хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулах ажлыг ням гаригт эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд 14 сая хүнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авах аж. 

 

Ийнхүү олон сая хүнтэй хотыг бүхэлд нь шинжилгээнд хамруулах болсон нь коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотой юм. Тодруулбал 15 сурагч, өөр хэд хэдэн насанд хүрэгчээс коронавирусийн халдвар илэрсний дотор хоёр нь омикрон штаммаар халдварласан байна. Өмнө нь 12 дугаар сард 13 сая хүн амтай Сиань хотод халдвар дэгдэхэд хатуу хөл хорио тавьж байсан бол энэ удаад Тяньжинд  одоогоор хотод хатуу хөл хорио тогтоогоогүй, гэхдээ онц шаардлагагүй бол шинжилгээний хариу гарах хүртэл хотоос гарахгүй байхыг зөвлөжээ. 

 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин