Энэ жилдээ сар шинийн баярыг ӨНЖЬЕ

Коронавирус халдварын Омикрон хувилбарын дотоодын таван тохиолдол өчигдөр манай улсад бүртгэгдлээ. Ингэснээр Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын нийт 17 тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдрийн байдлаар коронавирусийн Омикрон хувилбар 145 улсад бүртгэгдсэн байна. Харин манай улсад өнгөрөгч баасан гарагт гаднаас ирсэн 12 хүний шинжилгээнд Омикрон хувилбар бүртгэгдсэн. Нэгдүгээр сарын 09-нд дотоодын шинжилгээгээр 5 Омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдлээ. Энэ долоо хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо өдөрт 1,000-аас дээш бүртгэгдлээ. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймагт 50-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа юм.
Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын тохиолдол илэрсэн нь манай улсад дөрөвдүгээр давлагаа эхэлж байгааг харуулж байна. Эрдэмтэд дөрөвдүгээр давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргасан” гэж мэдээлсэн.
Цар тахал дэлхий нийтэд тархаж, хүн төрөлхтөн амны хаалттай, нэг нэгнээсээ зай баримтлаад хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон хүн халдварын улмаас нас барж, олон хүн өвдсөн. Бүх л цаг хугацаа зогссон юм шиг болжээ. Дэлхий нийтээр цар тахалтай зэрэгцэн оршин тогтнож байгаа ч амны хаалтгүй аз жаргалтай амьдрахыг хэн бүхэн хүснэ. Гэвч цар тахлын дараа үе ямар байхыг хэн ч тааварлашгүй.
Дэлхийн улс орнуудад цар тахлын олон хувилбар бүртгэгдэж, тэмцэж байгаа ч дахин анхаарал татсан хувилбар бүртгэгдсэн нь Омикрон. ДЭМБ-аас Омикрон хувилбар шинж тэмдэг хөнгөн илэрдэг ч халдварлах чадвар илүү гэдгийг улс орнуудад анхааруулж байна. Улс орнууд Омикрон бүртгэгдсэн улсаас зорчигч хүлээж авахаас татгалзаж байгаа.
Манай улс дэлхий нийтэд Омикрон хувилбар бүртгэгдэхтэй зэрэгцэн гаднаас ирж буй иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авч урьчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, иргэдийг уриалж, IV тунгийн ажлаа ч эхлүүлсэн. Гэвч дотоодод Омикрон хувилбар бүртгэгдэв.
Омикрон хувилбарын шинж тэмдэг:
-
Нус гоожих
-
Хоолой өвдөх
-
Найтаах
-
Ханиах
-
Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвслийн шинж тэмдэг
Хэдийгээр төрөөс урьдчилан сэргийлэх, халдварыг тархаахгүй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч халдвар нэгэнт тархсан. Одоо хүн бүр хариуцлагатай байх ёстой.
Удахгүй Монголчуудын уламжлалт баяр сар шинэ болно. Сар шинийн баяраар айл өрх бие биенийдээ зочилж, золгодог. Тиймээс хүний бөөгнөрөл үүсэж, халдвар тархах таатай орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Омикрон хувилбарын тархалтыг нэмэгдүүлнэ. Тиймээс энэ үед баяр ёслол, олон нийтийн арга хэмжээнээс татгалзаж, хувь хүн бүр сахилга бат, хариуцлагатай байх хэрэгтэй байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ