Х.Нямбаатар: FATF Монгол Улс саарал жагсаалтад орох эсэх дүгнэлтийг 2023 онд гаргана
2022-01-10

 

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр асуудал авч хэлэлцсэн. Бүлгийн хурлын талаар мэдээлэл хийлээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Гишүүдээс өөр өөр санал гарч байсан учраас МАН бүлэг завсарлага авсан. Өнөөдөр саналаа нэгтгэж ярилцсан. Гишүүд дээрх төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжсэн шийдвэр гаргасан. Харин ажлын хэсэг байгуулж ажиллах, олон гишүүд оролцох, хэлэлцүүлэг хийж засварлах асуудал байна гэж үзсэн. Тиймээс цаашид ажлын хэсэг байгуулж, хаврын чуулганаар эцэслэн батлах нь зүйтэй юм гэж үзсэн. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл хийсэн. Мэдээлэл хоёр чиглэлээр хийгдсэн. Гадаад нөхцөл байдалтай холбогдуулан Казахстан улсад байгаа манай улсын иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар ЭСЯ болон Консулын байгууллагаас ажиллаж, цаашид анхаарах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Дотоод нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудал бий. Сүүлийн үед үнийн өсөлт явагдаж байна. Энэ чиглэлээр арга хэмжээ авах шаардлага байна гэж  УИХ, ЗГ үзэж байгаа.  Мөн тэтгэвэр тэтгэмжийн асуудал байна.  Үнийн өсөлт, инфляц бий болоод байгаа болохоор тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал байгаа. Энэ чиглэлээр Засгийн газар судалгаа тооцоо хийгээд ажиллаж байна.

 

Хил гааль хаагдсан. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлд онцгой анхаарах шаардлага бий зэрэг цаг үеийн асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

 

-Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын өмнө бид хэд хэдэн үүрэг хүлээсэн. Тэр дундаа 2022 оны нэгдүгээр улиралд багтаж гүйцэтгэх хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүний нэг нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиа батлан гаргах. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг бүртгэлжүүлэх, үнэт эдлэл худалдан авах үйлчилгээг бүртгэлжүүлэх, ББСБ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийн эрх зүйн орчин боловсронгуй болгох гэсэн үүргүүдийг хүлээсэн юм. Мөн энэ ондоо багтаж стратегийн төлөвлөгөөгөө УИХ-д танилцуулж, батлуулна.  2022 оны төгсгөлд FATF-д тайлангаа хүргүүлэх ба 2023 оны нэгдүгээр улиралд тайланг үнэлж, Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай орон эсэх талаар дүгнэлт гаргана. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалтад орох эсэх  дүгнэлтийг гаргана.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
23 оны юмыг чам шиг хошного мэдлээ юу
2022-01-11