Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ

Мягмар гаригт БНАСАУ Япон тэнгисийн зүгт дахин пуужин харважээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдэгдсэн байна.
Цэргийнхэн одоо пуужингийн тусгал болон нислэгийн өндрийг тодорхойлж байгаа гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын тал үзэж байгаа аж.
Японы эргийн хамгаалалт ч ийнхүү үзэж байгаа бөгөөд эргийн хамгаалалтын мэдээлснээр пуужин усанд унасан гэхдээ чухам хаана унасан нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс пуужингийн хэлтэрхий олдсон тохиолдолд ойртож очихгүй байхыг Япон тэнгис дэх хөлөг онгоцуудад анхааруулжээ.
Хойд Солонгос он гарсаар ийнхүү хоёр дахь удаагаа пуужин хөөргөлөө. Өмнө нь нэгдүгээр сарын тавны өдөр БНАСАУ дуунаас хэт хурдан пуужин хөөргөж байлаа. Солонгосын цахим мэдээллийн агентлагийн мэдээлснээр, пуужин 700 км зайд байрлах өгөгдсөн байг оносон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ