Токаев Казахстаны шинэ Засгийн газрыг томиллоо
2022-01-12

Казахстанд нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдэж, улмаар үүнийг эсэргүүцсэн иргэд нэгдүгээр сарын хоёрны өдрөөс олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. Ингээд Казахстаны эрх баригчид жагсагчдын шаардлагыг хүлээн авч, үнийг бууруулан, Засгийн газраа огцруулж байлаа. Гэсэн ч байдал намжилгүй, эмх замбараагүй байдал, үймээн самуун дэгдсэн юм.

 

Харин энэ үймээнийг намжаасныхаа дараа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев  шинэ Засгийн газраа томилсон байна. Шинэ Засгийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд орлогч, Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди, Батлан хамгаалахын сайд Мурат Бектанов, Дотоод хэргийн сайд Ерлан Тургумаев нар суудлаа хадгалж үлдсэн байна.

 

Сайд нарын танхимын шинэ гишүүдийн тоонд Умаров Аскар багтаж байна. Тэрбээр Мэдээлэл, нийгмийн хөгжлийн яамыг тэргүүлэх аж. Өмнө нь Умаров Мэдээлэл, нийгмийн хөгжлийн дэд сайд байжээ.

 

Харин Канат Мусин  Казахстаны Хуульзүйн сайдаар томилогдсон байна. Өдгөө 56 настай Мусин 2021 оны зургадугаар сараас өнөөдрийг хүртэл Казахстаны дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхийн хэсгийг тэргүүлж байсан, Дээд шүүхийн шүүгч байжээ.

 

Үндэсний эдийн засгийн сайдаар Алибек Куантыров томилогдсон бөгөөд өмнө нь тэрбээр дэд сайд байсан аж. Эрчим хүчний сайдаар өмнө нь "Самрук-Казына" улсын сангийн хөрөнгийн удирдлагын захирал байсан Болат Акчулаков болжээ. Харин Султанов Бахыт шадар сайд болон Худалдааны сайдын ажлыг хавсран гүйцэтгэх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Улаан:
Энэ нөхөр өөрөө огцорлоо таарна даа Гэнэт ухаарч гэнэ.
2022-01-12