Хязгаарлалт тогтоосон АЙМГУУД
2022-01-12 09:28

 

Манай улсад коронавирусийн Омикрон хувилбарын 17 тохиолдол бүртгэгдээд байна. Эрдэмтэн, судлаачдын тооцоогоор 01 дүгээр сарын 20-ноос 02 дугаар сарын 10-ны хооронд омикрон хувилбарын оргил үе явагдах бөгөөд энэ өдрүүдэд хоногт 18-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол хийжээ. Тиймээс зарим аймгууд эрсдэлээс сэргийлж, тодорхой үйл ажиллагаануудыг хязгаарлах арга хэмжээ авч эхэллээ. Тодруулбал, Дорнод, Дархан-Уул, Баянхонгор олон нийтийг хамруулсан уулзалт, цуглаан зэрэг үйл ажиллагааг хязгаарлаж, сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалжээ.

 

Дорнод аймгийн хэмжээнд хязгаарлалтын арга хэмжээг 15 хоног авч хэрэгжүүлнэ 

 

Дорнод аймгийн Онцгой комиссоос хөл хорио тогтоох болон зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаагүй.

 

Харин коронавируст халдвар болон тус халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эмнэлэгт ирэх ачааллыг бууруулах зорилгоор зарим нэгэн хязгаарлалтын арга хэмжээг 15 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлэхээр тогтсон.

 

Үүнд;

1. Төрийн байгууллагуудаас олон нийтийг хамруулсан уулзалт, цуглаан, шагнал гардуулах арга хэмжээг 01-р сарын 12-ны өдрөөс 01-р сарын 27-ний өдрийг хүртэлх 15 хоногийн хугацаанд хязгаарлах

2. Бөөгнөрөл үүсгэх олон нийтийг хамруулсан соёл урлаг, спортын арга хэмжээг дээрх хугацаанд хязгаарлах

3. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд оройны 22.00 цаг хүртэл ажиллах

Мөн Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийнхаа иргэдэд уриалсан болно.

 

Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ

 

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралджээ. Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг 64 хоногийн хугацаанд бүрэн хумисан бөгөөд 4 сарын хугацаанд аймгийнхаа бүх малыг давтан вакцинд хамруулах чиглэлийг ХХААГ-т өгсөн байна.

 

Мөн оны өмнөх 2 долоо хоногт коронавирусийн өвчлөл эрчимтэй буурч эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний 7 хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх 7 хоногтоо харьцуулахад өвчлөлийн тохиолдол 4 дахин нэмэгдсэн. Тиймээс шинжилгээний цэгүүдийг дахин гаргаж цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсөн юм.

 

Эрчимтэй тархаж буй коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах ГУРВАН ШИЙДВЭРИЙГ аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

 

1. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан бүх төрлийн тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.

3. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх, иргэдийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриаллаа.

 

ЖИЧ: Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байна.

 

Олон нийтийн хамарсан үйл ажиллагааг ирэх сарын 15 хүртэл хориглолоо 

 

Төрийн байгууллагуудын олон нийтийг хамруулан зохион байгуулах сургалт, хурал, зөвлөгөөнийг түр хориглох тухай  Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

 

Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шийдвэр хэрэгжинэ. Мөн хугацаанд захирамжийг дагаж мөрдөн, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албадад даалгажээ. 

 

 

М.Насан 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин