Бээжин: Олимп зохион байгуулахад омикрон нөлөөлөхгүй
2022-01-12

Хятадын Тяньжин хотод өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр омикрон штамм бүртгэгдсэн нь эх газрын Хятадад энэ хувилбарын анхны тохиолдолд тооцогдсон юм. Улмаар энэ сарын наймны өдөр омикрон штаммын дотоодын халдвар хоёр илэрч, эрх баригчид Тяньжинь хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дараа Хэнань мужийн Аньян хотод омикрон штамм илэрсэн юм.

 

Тяньжинь хот Бээжин, олимпын тэмцээнүүд болох Хэбэй мужид ойрхон оршдог. Тиймээс энэ хотод омикрон илэрсэн нь олимп зохион байгуулахад саад болж болзошгүй гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин Хятадын нутаг дэвсгэр дээр омикрон штамм тархах нөхцөл байдлыг хяналтдаа оруулсан, олимпын хуваарийг хуваарийг өөрчлөх, нэмэлт арга хэмжээ авах шаардлагагүй гэж Олимпын наадмын зохион байгуулах хороо мэдэгджээ. 

 

"Тэмцээн болох бүсүүдэд өргөн цар хүрээтэй халдварын дэгдэлт гарсан тохиолдолд л халдварын тархалтыг хянах нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Одоогоор бидэнд ийм төлөвлөгөөгүй байхгүй" хэмээн зохион байгуулах хороо мэдэгджээ.

 

Түүнчлэн, өргөн цар хүрээтэй халдварын дэгдэлт гарвал олимпыг явуулахад нөлөөлж болзошгүй, гэхдээ ийм байдалд хүргэхгүйн тулд бүхий л арга хэмжээг авна гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Өвлийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд, харин Паралимпийн наадам гуравдугаар сарын 4-13-ны хооронд зохион байгуулагдах юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин