Хятадын гол боомт хотуудын нэг Тяньжиньд хязгаарлалтуудыг чангатгав
2022-01-13

 

Хятадын Тяньжинь хотод омикрон штаммын анхны тохиолдол илэрсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан. БНХАУ-ын гол боомт хотуудын нэг болох, 14 сая хүн амтай энэ хотод хэсэгчилсэн хөл хорио тавьж, оршин суугчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байгаа талаар CCTV мэдээлжээ. 


Нэгдүгээр сарын 12-ны өдөр Тяньжинь хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын хоёр дахь хэсэг эхэлсэн байна. Өнгөрсөн ням гаригт эхэлсэн эхний шатны шинжилгээний үеэр Тяньжинь хотод омикрон штаммын 97 тохиолдол илэрчээ. Нийтдээ 12 сая шинжилгээ авснаас 7,8 сая шинжилгээний хариу гарсан байна.  

 

CCTV телевизийн мэдээлснээр Тяньжинь хотын эрх баригчид хотын дүүргүүдийн оршин суугчдыг чөлөөтэй зорчиход гурван төвшний хязгаарлалт тавьсан бөгөөд бүрэн хязгаарлахаас хэсэгчилсэн хязгаарлалт хүртэл харилцан адилгүй хязгаарлалт үйлчилж байгаа аж. 

 

Хятадын эрх баригчид ирэх олимпын өмнө коронавирусийн халдварын дэгдэлт гаргахгүй байх бодлого баримтлан, халдвар илэрсэн даруйд хяналтдаа оруулахын тулд хатуу арга хэмжээ авч байгаа юм.

 

Тиймдээ ч Бээжин хотоос холгүй орших Тяньжинь хотод омикрон штаммын халдвар илэрч байгаа тул энэ хоёр хот хоорондын бүхий л тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, тэр дундаа өндөр хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.

 

 

Дэлхийн логистикт хүндрэл учрах уу? 

 Дэлхийн хамгийн ачаалалтай 10 боомтын ес нь Азид байдаг. Эдгээр есөн боомтын долоо нь Хятадад байрладаг юм.

 

Эдгээр боомтууд дундаас Тяньжинь боомт БНХАУ-ын хойд хэсгийн хамгийн том боомт, Бээжин рүү хүрэх тэнгисийн гол хаалгад тооцогддог.  Энэ боомтын захиргааны мэдээлснээр, 2021 оны дүнгээр Тяньжинь боомтод 20 сая гаруй TEU ( ачааны тээврийн хэрэгслийн багтаамжийг хэмжих нөхцөлт нэгж) ачаа буусан нь энэ боомтын түүхэн дэх дээд үзүүлэлтэд тооцогдож байгаа аж.

 

2021 оны зун Хятадад коронавирусийн дэгдэлт гарсан нь энэ улсын өмнө нутагт байх томоохон боомтуудын ажлыг тасалдуулж байлаа. Энэ нь Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч долоо хоногийн хугацаанд Суэцийн сувгийг хааснаас ч дутахааргүйгээр чингэлэг тээвэрлэлтийн дэлхийн зах зээлд нөлөөлж байв.

 

Тяньжиньд одоогоор боомтын ажиллагаанууд бүрэн зогсоогүй, хэвийн горимоор үргэлжилж байгаа, боомтын ажилчдын дундаас халдвар илрээгүй гэж Seatrade Maritime мэдээлсэн байна. Гэхдээ омикрон штаммын тохиолдол илэрсээр байвал бүрэн хөл хорио тавьж магадгүй бөгөөд энэ нь дэлхий даяарх логистикийн сүлжээнд хүчтэй нөлөө үзүүлнэ гэж шинжээчид болгоомжилж байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин