Казахстанд онц байдлыг цуцлав
2022-01-13

Нэгдүгээр сарын нэгний өдрөөс нэмэгдсэн шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэний улмаас Казахстаны Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаев улс даяар онц байдал тогтоож байсан юм. Харин нөхцөл байдал тогтворжсон тул онц байдлын дэглэмийг цуцлахаар болжээ.

 

Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны пүрэв гаригаас эхлэн Хойд Казахстан, Баруун Казахстан, Павлодар мужуудад онц байдлын дэглэмийг дуусгавар болгох тухай тушаалд Касым-Жомарт Токаев гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа дууссаныг зарлажээ. Энхийг сахиулагчид өнөөдрөөс эхлэн Казахстанаас гарах бөгөөд энэ ажил 10 хоног үргэлжлэх юм. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 12-ны өдөр энхийг сахиулагчид Казахстан дахь объектуудын хамгаалалтыг хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өгөх ажлаа эхлүүлжээ. Казахстанд эмх замбараагүй байдал үүссэний дараа Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын цэргүүд Казахстанд үүрэг гүйцэтгэхдээ жагсаал цуглааныг тараахад оролцоогүй, харин төрийн болон стратегийн гол объектуудыг хамгаалж байв. 

 

Казахстанд өрнөсөн үйл явдал

 

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Үүний шалтгаан нь шингэрүүлсэн хий нэгдүгээр сарын нэгний өдрөөс хоёр дахин нэмэгдсэн явдал байв. Олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас Казахстаны Засгийн газар огцорч, хийн үнийг эргүүлэн бууруулсан ч байдал тогтворжоогүй. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

 

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарч байв.

 

Эмх замбараагүй байдал газар авч, 200 орчим хүн амиа алдан, Казахстанд гашуудлын өдөр зарлаж байлаа. Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. 

 

Нэгэнт л Казахстаны эрх баригчид эсэргүүцэгчид дунд нь алан хядагчид байна гэсэн байр суурин дээр бат зогссон тул цагдаагийнхан зэвсэгтэй хүмүүст анхааруулга өгч, зэвсгээ хаяхгүй бол буудна гэж анхааруулж байсан бол нэгдүгээр сарын долооны өдөр Токаев "алан хядагчдыг анхааруулга өгөлгүй шууд бууд" гэсэн тушаал өгч байлаа. Түүнчлэн Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, тус байгууллагын энхийг сахиулагчид нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Казахстаныг зорьсон юм. Харин байдал тогтворжсон тул нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн энхийг сахиулагчид Казахстанаас гарахаар болжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эх орныхоо төлөө байгаа хүнийг хамгаалах хэрэгтэй. Харин цаана байгаа хатгагч хамжигч,хөлсний хулгайч нарыг бууд гэдэг нь зөв.Бүр түмэн зөв.
2022-01-13
Эх орныхоо төлөө байгаа хүнийг хамгаалах хэрэгтэй. Харин цаана байгаа хатгагч хамжигч,хөлсний хулгайч нарыг бууд гэдэг нь зөв.Бүр түмэн зөв.
2022-01-13
харж л бая:
Энэ амьтан суусан машины цуваагаа дээрээс вертолётоор хамгаалуулж явж байна гэсэн. Нэг өдөр ардуудаа буудсаныхаа горыг амсах байхаа.
2022-01-13
Эх орныхоо төлөө байгаа хүнийг хамгаалах хэрэгтэй. Харин цаана байгаа хатгагч хамжигч,хөлсний хулгайч нарыг бууд гэдэг нь зөв.Бүр түмэн зөв.
Эх орныхоо төлөө байгаа хүнийг хамгаалах хэрэгтэй. Харин цаана байгаа хатгагч хамжигч,хөлсний хулгайч нарыг бууд гэдэг нь зөв.Бүр түмэн зөв.