Г.Занданшатар: Үндсэн хууль боловсруулж, баталсан хүмүүс бол жинхэнэ түүх бүтээгчид юм
2022-01-13

Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ. Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депатутууд, Улсын бага хурлын гишүүд, Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцож байна.

 

 

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн албан ёсны эхийг чуулганы танхимд заллаа. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж,

 

...Их Монгол Улсын төрийн үндсэн гол хууль Их Засаг найман зууны, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан анхдугаар Үндсэн хууль нэгэн зууны түүхтэй. Өдгөөгөөс яг энэ 30 жилийн өмнө энэ өдрийн морин цаг буюу 11.35 цагт Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталсан шинэ түүхтэй, ардчилсан, чөлөөт Монгол Улсын ард иргэд та бид билээ.

 

Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан.

 

Түүхийг хүн бүтээдэг ч хүн бүхэн түүхч байж чаддаггүй. 30 жилийн өмнө Монгол Улсын шинэ замын эхлэлийг тавьж, шинэ ирээдүйн гэрэлт бамбарыг асаасан ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан Үндсэн хууль тогтоогч АИХ-ын 430 депутат, УБХ-ын гишүүд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүд, тэдний ард талд ажилласан УБХ-ын ажилтнууд, Ерөнхийлөгч, Засгийн газар, сэтгэл, итгэлээ зориулсан олон мянган хүмүүс жинхэнэ ёсоор түүх бүтээгчид юм. Шинэ түүхийг бүтээн туурвигч та бүхэндээ тэгш дүүрэн 30 жилийн ойн баярын дэвшүүлье.

 

...Шинэ Үндсэн хууль 30 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тогтолцоо, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд эргэлтийн шинжтэй олон шилжилт, өөрчлөлтийг авчирч, хүний эрх, эрх чөлөөний баталгааг олон улсын түвшинд баталгаажуулсан. Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийг улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд нэгэн зэрэг хэрэгжүүлснээрээ Монгол Улс бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын хамтын ажилагаанын нийгэмлэгийн хэмжээнд үлгэр жишээ болон үнэлэгддэг билээ.

 

1992 оны Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндсэн баталгаа юм. Төрийн байгууллагын тогтвортой байдал, эрх мэдэл хоорондын хяналт, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны бат суурь болж байна" гэдгийг тэмдэглэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
"Түүхийг хүн бүхэн бүтээдэгч хүн бүхэн түүхч байж чаддаггүй" - энэ их ухаантай үг юм байх даа? Ийм үг бэлтгэж өгч байх, энэ нөхөр тэрнийг нь уншиж зогсох. "1үхэр + 1үхэр = 2үхэр өөр байж болохгүй"
2022-01-13
Ефү түй май мотер:
Хуралдааныг нь харсан штээ, баахан нэгдлийн дарга суучихаад хуучин БНМАУ нэрээ авч үлдэнэ, сүлд ийм байх ёстой гээд л тэнэгтэж өгч байсан шүү. Залуучууд, Чимэд гуайн ачаар нэг юм батлагдсан. Тэгээд дараа нь бүгд байраар шагнуулаа биз дээ
2022-01-13