Алматы нисэх буудлын ажиллагаа хэвийн боллоо

Казахстанд эмх замбараагүй байдал дэгдсэний улмаас хаагдаж байсан Алматы олон улсын нисэх буудлын ажиллагаа хэвийн болжээ. Энэ талаар Коммерсант мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 13-ны өглөө Нур-Султан хотоос эхний онгоц энэ буудалд газардсан байна. Өнөөдөр 08:00-21:00 цагийн хооронд Нур-Султан-Алматы чиглэлд нийт найман нислэг үйлдэх гэнэ.
Алматы олон улсын нисэх буудал олныг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас ихээхэн хохирол амссан юм. Эсэргүүцэгчид энэ нисэх буудлыг эзлэн авч, кафе, дэлгүүр, тийз борлуулах цэгүүдийг эвдэж сүйтгэн, АТМ дээрэмдсэн байна. Казахстаны эрх баригчид нисэх буудалд терроризмын эсрэг ажиллагаа явуулж, энэ үеэр Казахстаны хоёр цэргийн алба хаагч амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ