Казахстанд үймээнтэй холбоотойгоор 500 орчим эрүүгийн хэрэг нээжээ
2022-01-14

Казахстаны эрх баригчид эмх замбараагүй байдалд оролцогчдын эсрэг 494 эрүүгийн хэрэг үүсгэсэн, тэр дундаа 44 хэрэг нь алан хядах ажиллагаа гэсэн заалтаар үүсгэгдсэн гэнэ. Энэ талаар Казахстаны Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

 

"Төрийн тэргүүний үүрэгдсэнээр Ерөнхий прокурорын газар Алматыд болсон эмгэнэлт явдал болон бусад бүс нутгууд дахь алан хядах халдлагуудын бүхий л шалтгаан, нарийвчилсан нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 494 эрүүгийн хэрэг, тэр дундаа терроризм заалтаар 44, эмх замбараагүй байдал гэсэн зүйл ангиар 34, хүний амь хөнөөсөн болон бусад зүйл ангиар 15 хэрэг үүсгэн шалгаж байна" хэмээн мэдээлэлд өгүүлжээ.

 

Казахстаны Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, гэмт хэрэгт сэжиглэгдсэн 524 хүн түр саатуулах байранд саатуулагдаж байгаа аж. Мөн онц байдал үйлчлэх хугацаанд 6966 захиргааны зөрчлийн хэрэг нээж, 4918 хүнд захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна. Эдгээрээс 1978 нь баривчлан саатуулагдах, 791 нь торгуулах ялаар шийтгүүлсэн бол 2149 хүн сануулга авчээ.

 

Казахстаны эмх замбараагүй байдал 

 

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Үүний шалтгаан нь шингэрүүлсэн хий нэгдүгээр сарын нэгний өдрөөс хоёр дахин нэмэгдсэн явдал байв. Олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас Казахстаны Засгийн газар огцорч, хийн үнийг эргүүлэн бууруулсан ч байдал тогтворжоогүй. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

 

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарч байв.

 

Эмх замбараагүй байдал газар авч, 200 орчим хүн амиа алдан, Казахстанд гашуудлын өдөр зарлаж байлаа. Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. 

 

Түүнчлэн Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, тус байгууллагын энхийг сахиулагчид нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Казахстаныг зорьсон юм. Харин байдал тогтворжсон тул нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн энхийг сахиулагчид Казахстанаас гарч эхэлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин