Францын багш нар ковидын улмаас ажил хаяжээ
2022-01-14 09:54

Францын багш нарын 75 хувь нь пүрэв гаригт ажил хаяж, тус улсын сургуулиудын тал хувь нь хаагджээ. Түүнчлэн олон хотод багш нарын эсэргүүцлийн жагсаал болсон байна. 

 

Ийнхүү багш нар ажил хаях болсон нь Францад өдөрт л 300 мянга гаруй халдварын тохиолдол гарч, нөхцөл байдал хүнд байгаа үед эрх баригчид сургуулиудад баримтлах халдвар хамгааллын журмыг байнга өөрчилж, харин үүнийг багш нар цаг тулгаж мэддэгийг багш нар эсэргүүцэж байгаатай холбоотой гэнэ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сар гарснаас хойш халдвар хамгааллын дэглэм хэдэнтээ өөрчлөгджээ. Зул сарын баярын амралт дуусаж, хүүхдүүд сургуульдаа эргэн ирэх үед журам дахин өөрчлөгдөж,сурагчид амны хаалт зүүхээс гадна байнга шинжилгээнд хамрагдах шаардлагатай болжээ. Вирус илэрсэн тохиолдолд хавьтсан хүн бүр буюу ангийн бүх сурагчид PCR шинжилгээ эсвэл эсрэг генийн шинжилгээ өгч, дараа нь сургуульдаа эргэн орохын өмнө гэртээ гурвантаа шинжилгээ өгөх шаардлагатай болсон аж. 

 

Энэ журмаас болж олон мянган сурагч эцэг эхийн хамт лаборатори, эмийн сангийн гадаа дугаарлах шаардлагатай болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин