Ханхүү Эндрю цэргийн цол хэргэмээ хасуулав
2022-01-14

Хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж байгаа, хатан хаан II Елизаветагийн хүү ханхүү Эндрюг "Эрхэм дээдэс" гэсэн хэргэм ашиглахыг хориглосон. Үүний араас бүхий л цэргийн цол хэргэмийг нь хасчээ. 

 

DW агентлагийн мэдээлснээр, Британийн хатан хаан II Елизавета хүүгийнхээ бүхий л цэргийн цол хэргэм төдийгүй хатан хааны ивээлийг хасчээ. Букингемийн ордон энэ талаарх албан мэдэгдлийг нэгдүгээр сарын 13-ны өдөр нийтэлсэн байна. 

 

"Йоркийн гүн цаашид хатан хааны гэр бүлийн гишүүн гэх хувиар нийгмийн үүрэг хариуцлага гүйцэтгэхгүй, түүнчлэн цаашлаад шүүх дээр хувь хүн гэдгээрээ оролцоно" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

Хэрэгт холбоотойгоор Эндрю өмнө нь цол хэргэмээсээ татгалзсан байсан ч ийнхүү энэ удаад албан ёсоор бүх цолыг нь хураасан байна. 

 

Эндрюгийн холбогдсон хэрэг

 

Ханхүү Эндрюгийн эсрэг гомдол гаргасан хүн нь Америкийн иргэн, 38 настай Виржиния Жуффре  юм. Тэрбээр 20 жилийн өмнө Британийн ханхүү Эндрю түүнийг хүчирхийлсэн гэж буруутган, 2021 оны наймдугаар сард АНУ-ын шүүхэд гомдол гаргасан.

 

Өдгөө Австралид нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байгаа Жуфре 20 жилийн өмнө Америкийн бизнесмен Жеффри Эпштейний золиос болсон бөгөөд тэрхүү бизнесмен бүсгүйг ханхүүтэй холбосон гэнэ.

 

Жуфрегийн өгүүлснээр, 2001 онд түүнийг ердөө 17 настай байхад II Елизавета хатан хааны хүү хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харилцаанд гурвантаа орсон байна. Тиймээс Жуфре өдгөө 61 настай ханхүүгээс бие махбодь болон сэтгэл санааны хохирлын төлөө нөхөн төлбөр шаардаж байгаа юм.

 

Йоркийн гүн Эндрю 17 настай охинтой бэлгийн харилцаанд орсон гэх мэдээллийг үргэлж няцааж байлаа. Тэрбээр Жуфретэй хэзээ ч уулзаж байгаагүй, харин Эпштейнтэй хамт тэдний авахуулсан зураг нь эвлүүлэг гэж мэдэгдэж байсан юм.

 

2019 оны 11 дүгээр сард ханхүү албан үүргээсээ татгалзахаас аргагүй болсон бөгөөд энэ нь Эпштейн болон Максвелл нар бэлгийн харилцаанд орохыг шаардсан эрчүүдийн дунд Эндрю байсан гэж Жуфре мэдэгдсэнтэй холбоотой аж. 

 

Эпштейнийг 2019 оны долдугаар сард Нью-Йорк мужийн хууль сахиулагчид баривчилж, насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэнд буруутгасан юм. Түүнийг 2002-2005 онуудад Манхэттэн дэх гэртээ насанд хүрээгүй охидыг авчирдаг, тэдний дунд 14 настай охин ч байсныг гэрчлэх баримтууд бий гэж Прокурорын газар мэдэгдэж байлаа. Эпштейн 2019 оны наймдугаар сарын 10-ны өдөр шоронд амиа хорлосноор түүний хэргийг мөрдөх ажиллагаа зогссон юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин