Армени, Тажикистан, Киргизийн энхийг сахиулагчид Казахстаныг орхив
2022-01-14

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчний Армени, Тажикистан, Киргизийн хэсгүүд Алматыг орхин, байнгын байршлаа зорилоо гэж ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлжээ. 

 

Баасан гаригт Арменийн энхийг сахиулагчид автомашин, бие бүрэлдэхүүнээ Оросын Агаар сансрын хүчнийцэрэг-тээврийн гурван Ил-76 онгоцонд ачин, Алматыгаас хөөрсөн байна.  Түүнчлэн Тажикийн цэргийн алба хаагчид ч Оросын цэрэг тээврийн онгоцонд суун, Казахстанаас нисчээ.

 

Харин Алматы хотын ДЦС-ийг хамгаалж байсан Киргизийн энхийг сахиулагчид өөрсдийн машины цуваагаар улсынхаа хилийг зорьсон байна. Тэд Киргизийн нутаг дэвсгэр хүртэл 250 км замыг туулах аж.

 

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын шийдвэрээр 2022 оны нэгдүгээр сарын зургааны өдрөөс энхийг сахиулагчид Казахстанд үүрэг гүйцэтгэж, улмаар энэ улсад нөхцөл байдал тогтворжсон тул нэгдүгээр сарын 13-ны өдөр энхийг сахиулах ажиллагаа дуусгавар болсныг зарласан юм.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин