АНУ коронавирусийн бүх мутациас хамгаалах вакцин бүтээж байна
2022-01-15 10:00

Америкийн цэргийн эмч нар коронавирусийн халдвараас сэргийлэх шинэ вакцины эмнэлзүйн туршилтын эхний шат амжилттай дууссан талаар зарлажээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэрэг, анагаах ухааны төвд боловсруулсан вакцин нь омикрон төдийгүй өмнө нь илэрсэн бүхий л мутаци, тэр бүү хэл энэ вирусээс үүдэлтэй бусад халдваруудаас ч хамгаалах чадвартай гэж эрдэмтэд мэдэгджээ.

 

Коронавирусийн цар тахал дэлхий даяар дэгдсэн үед энэ халдвараас хамгаалах вакцин гарч ирсэнээр олон сая хүний амийг аварсан бол омикрон штамм гарснаар вакцин боловсруулагчдад ихээхэн хүндрэл учруулсан юм. Учир нь энэ мутаци вакцинд хамрагдсан болон өвдөөд эдгэрсэн хүмүүст амархан халдварлаад зогсохгүй мутацид орох тусам вирус улам сайжирч, дархлааны хамгаалалтыг тойрон гарч байгаа гэж эрдэмтэд үзэж байгаа. 

 

Тиймээс өнөөдөр дэлхий даяар ашиглагдаж буй бүхий л вакцинууд омикрон штаммаас төдийлөн сайтар хамгаалж чадахгүй аж. Харин Уолтер Ридийн нэрэмжит үндэсний хүрээлэн энэ асуудлыг шийдсэн гэж мэдэгдэж байгаа юм.

 

SpFN ферритин вакциныг лабораторийн амьтад дээр туршихад сайн үр дүнтэй гарсан бөгөөд хүмүүс дээр ч эмнэлзүйн эхний туршилтыг хийжээ. 

 

Уолтер Ридийн үндэсний төвийн шинэ халдварт өвчний хэлтсийн дарга Кайвон Можаррадын өгүүлснээр, түүний багийнхны боловсруулсан вакцин нь коронавирусийн бүхий л хувилбар өөрөөр хэлбэл одоо байгаа мутациуд болон үүсэн гарч болзошгүй халдваруудаас ч хамгаалах чадвартай гэнэ.

 

SpFN вакциныг өнөөгийн цар тахлаас ч өмнө боловсруулж эхэлжээ. Анхандаа цэргийн эмч нар өнөөгийн коронавирусээс өмнө гарч байсан SARS болон Ойрх Дорнодын амьсгалын замын эмгэг болох MERS гэсэн халдвараас сэргийлэх тарилга бүтээхээр ажиллаж байсан гэнэ. Харин коронавирусийн тахал дэгдсэнээр вакциныг энэ вирусийн эсрэг үйлчлэхээр болгон боловсруулжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unen bol aguu bna Gexdee olny ug ortoi gedeg dee altaar urs gej
2022-01-16
зочин:
Ийм үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ нийтлэх хэрэггүй. https://news.xopom.com/260426/
2022-01-16