Ханхүү Эндрю хүчирхийлэлд буруутгагдвал ордноос хөөгдөнө
2022-01-15

Их Британийн хатан хаан II Елизаветагийн хүү Йоркийн гүн Эндрюгийн эсрэг АНУ-ын иргэн эмэгтэй шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хэрэг хэлэлцэгдэж байгаа юм. 

 

Эндрюг 20 жилийн тэртээ бүсгүйг өсвөр настай байхад нь хүчирхийлсэн гэж Америкийн иргэн эмэгтэй гомдол гаргасан. Эндрю энэ хэрэгт буруутай нь нотлогдвол 31 унтлагийн өрөөтэй харшаасаа хөөгдөж, цагдаагийн хамгаалалтгүй болж мэднэ гэж  The Sun сонин мэдээлжээ.

 

Эндрю хэрэгт холбогдсоны улмаас цэргийн бүхий л цол хэргэм, хатан хааны ивээлээ алдсан, харин энэ удаад 7,5 сая фунт стерлинэгэр засвар хийсэн харшаа орхиж магадгүй гэж эх сурвалж мэдээлсэн байна. Энэ харш Виндзорын цамхагаас гурван бээр газарт байдаг аж.

 

 

 

Ханхүү Эндрюгийн эсрэг гомдол гаргасан хүн нь Америкийн иргэн, 38 настай Виржиния Жуффре  юм. Тэрбээр 20 жилийн өмнө Британийн ханхүү Эндрю түүнийг хүчирхийлсэн гэж буруутган, 2021 оны наймдугаар сард АНУ-ын шүүхэд гомдол гаргасан.

 

Өдгөө Австралид нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байгаа Жуфре 20 жилийн өмнө Америкийн бизнесмен Жеффри Эпштейний золиос болсон бөгөөд тэрхүү бизнесмен бүсгүйг ханхүүтэй холбосон гэнэ.

 

Жуфрегийн өгүүлснээр, 2001 онд түүнийг ердөө 17 настай байхад II Елизавета хатан хааны хүү хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харилцаанд гурвантаа орсон байна. Тиймээс Жуфре өдгөө 61 настай ханхүүгээс бие махбодь болон сэтгэл санааны хохирлын төлөө нөхөн төлбөр шаардаж байгаа юм.

 

Йоркийн гүн Эндрю 17 настай охинтой бэлгийн харилцаанд орсон гэх мэдээллийг үргэлж няцааж байлаа. Тэрбээр Жуфретэй хэзээ ч уулзаж байгаагүй, харин Эпштейнтэй хамт тэдний авахуулсан зураг нь эвлүүлэг гэж мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин