Борис Жонсон Хатан хаанаас уучлалт гуйв
2022-01-15

Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн Филипийг оршуулахын өмнө, 2021 оны дөрөвдүгээр сард  Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны байранд үдэшлэг болсны төлөө Жонсон хатан хаан II Елизаветагаас уучлалт хүсчээ. Энэ талаар Британийн Засгийн газрын тэргүүний хэрэг эрхлэх газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

"Улс даяар гашуудаж байхад ийм явдал болсонд гүнээ харамсаж байна" хэмээн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Мөн тухайн үдэшлэгт Борис Жонсон байгаагүй гэдгийг онцолжээ. 

 

Үүнээс өмнө, The Daily Telegraph сонин Их Британийн Ерөнхий сайдын ордонд хоёр үдэшлэг болсон гэж мэдээлсэн юм. Эдгээр үдэшлэг нь ханхүү Филипийг оршуулахын өмнө, 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болсон гэж эх сурвалж онцолсон байв. Үдэшлэгт 30 орчим хүмүүс байж, өглөө хүртэл бүжиглэж, цэнгэсэн гэнэ. Британид коронавирусийн хязгаарлалтын улмаас энэ төрлийн арга хэмжээг хориглосон тул энэ мэдээлэл ихээхэн шуугиан тарьсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин