Германд машины жингээс хамаарч зогсоолын төлбөрийн хэмжээг тогтооно
2022-01-17

Германы Тюбинген хотын дарга зогсоолын төлбөрийг хэд дахин нэмж, хотын төвийн зогсоолуудын ажиллагааг шинэчлэхээр шийджээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зогсоолын төлбөрийг машины жингээс хамааран тогтоохоор болжээ. Тюбинген хотын төвд зогсоолын төлбөрийн жилийн төлбөр саяхныг хүртэл 30 евро байсан аж. Харин "Ногоонтнууд" намаас сонгогдсон, Тюбинген хотын дарга Борис Палмер зогсоолын жилийн төлбөрийг 120 евро болгон нэмэж, гудамж, хашааг чөлөөлөхөөр шийджээ.

 

Түүнчлэн машины жинг харгалзан зогсоолын төлбөрийг шинэчлэн тогтоосон байна. Шинэ журмын дагуу 1800 килограммаас дээш жинтэй, дотоод шаталтын хөдөлгүүртэй машин эзэмшигчид болон 200 килограммаас дээш жинтэй цахилгаан машин эзэмшигчид одоогийнхоос зургаан дахин их буюу жилд 180 евро төлөх ёстой болжээ.

 

"Хотод тохиромжтой жижиг машинууд болон хөдөөгүүр, зам муутай газраар унадаг том машинуудаас авах хураамж хоорондоо эрс ялгаатай байх ёстой. Ийм том машинууд үнэндээ хотод хэрэггүй шүү дээ" хэмээн хотын дарга мэдэгджээ.

 

Хотын төвийн ачааллыг бууруулах гэсэн хотын даргын энэ арга хэмжээг хүн бүр таатай хүлээн авсангүй. Тэр дундаа том оврын суудлын машин эзэмшигчид энэ журмыг ихээхэн эсэргүүцсэн байна. Гэхдээ анхлан энэ төрлийн машинуудын зогсоолын төлбөрийг 360 евро болгон нэмэхээр санал гаргасан ч хотын зөвлөл зөвшөөрөөгүй тул 180 болгон бууруулсан нь харин ч нааштай шийдвэр гэж хотын дарга мэдэгджээ. 

 

Харин нийгмийн халамж хүртдэг хүмүүс энгийн төлбөрийн талыг төлөх юм байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ажил үйлчилгээ эрхлэхэд нь тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай асаргааны ажилтнуудад ч зогсоолын төлбөрийн нэмэгдэл хамаарахгүй гэнэ.

 

"Хүндэт жолоочид оо! Та бүхэн замын төлбөр төлөөгүй. Түүнчлэн та бүхэн хангалттай татвар төлдөггүй. Таны дуртай тээврийн хэрэгслээс үүдсэн зардлыг бусад татвар төлөгчид болон ирээдүй хойч үе төлж байна. Та бүхний төлөх ёстой бодит үнийн дүнг гаргавал зогсоол жилд 30 евро биш харин 3000 байх ёстой байсан юм" хэмээн тэрбээр мэдэгдэж байв.

 

Палмерын өгүүлснээр, жолооч нарыг машинаа гэртээ үлдээн, үүний оронд нийтийн тээвэр ашиглахыг ятгах нь зогсоолын төлбөр нэмэх болсны зорилго гэнэ. Тюбинген хот Германы бусад хотуудын адил 2030 он гэхэд байгаль орчинд ээлтэй хот болохоор зэхэж байгаа бөгөөд үүний тулд нийтийн тээврийн системийг өргөжүүлэх, дээшлүүлэх ихээхэн ажил хийх шаардлагатай байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин