Италид вакцин хуурамчаар хийсэн сувилагч баривчлагджээ
2022-01-17 09:52

Италийн Палермогийн цагдаагийнхан нэгэн сувилагчийг хуурамчаар вакцин хийсэн хэргээр баривчилжээ. Сувилагч вакцин хийж буй мэт дүр эсгэж, үнэн хэрэгтээ тариурт соруулсан вакцинийг самбайнд шингжээж байсан гэнэ.

 

Евроньюс агентлагийн мэдээлснээр, сувилагчийн энэ үйлдлийг ажиглалтын камерын тусламжтайгаар илрүүлсэн бөгөөд одоо түүнд луйвар, олон нийтийн өмчийг үрэн таран хийсэн гэдэг зүйл ангиар шийтгэл оноохоор төлөвлөж байгаа аж.

 

Сувилагчаас гадна өөр хоёр хүнийг саатуулжээ. Вакцин эсэргүүцэгчид гагцхүү гэрчилгээ авахын тулд энэ сувилагчид хандан, сувилагч найман хүнд вакцин хийж байгаа мэт дүр эсгэсэн байна. Цагдаагийнхан ажиглалтын камераас авсан дүрс бичлэгийг нарийвчлан судалж, энэхүү "жүжиг"-т оролцсон бүх хүний вакцины гэрчилгээг хүчингүй болгожээ.

 

Италид өмнө нь ч энэ төрлийн хэрэг гарч байлаа. Вакцин эсэргүүцэгчид гэрчилгээ авахын тулд сувилагч нарт хандан, тэдэнд хуурамч вакцин хийснийх нь төлөө шагнал амлаж байсан гэнэ. Тухайлбал Анконд гэхэд 400 еврогоор хуурамч вакцин хийж байсан гэх бөгөөд нийт 50 хүн энэ хэрэт холбогджээ.

 

Италид гагцхүү вакцины гэрчилгээтэй нөхцөлд л ихэнх үйлчилгээг авах боломжтой юм. Ийм гэрчилгээгүй бол иргэд ажилдаа ч явах боломжгүй болсон бөгөөд ингэснээр иргэдийг дархлаажуулалтад хамрагдах идэвхийг нэмэгдүүлнэ гэж тооцоолсон ч вакцин эсэргүүцэгчид дээрхтэй төстэй хэрэгт холбогдох нь их байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин